Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Деклан Магий: Эмзэг бүлгийн орлогыг хамгаалах, компаниудыг дампууруулахгүй байх шаардлагатай

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19-ийн халдвар хаа хүрч зогсох нь тодорхойгүй байгаа энэ үед улс орнууд, тэр дундаа Монгол Улсын хувьд эмзэг бүлгийн өрхүүдийн орлогыг хамгаалах, компаниудыг хаалгаа барихад хүргэлгүй, дампууруулахгүй байх шаардлагатай. Мөн онцгой байдалд галын шугам дээр ажиллаж байгаа хүмүүст шаардлагатай зардлуудыг гаргах хэрэгтэй гэдгийг Азийн хөгжлийн төлөв тайланг танилцуулах үеэр АХБ-ны эдийн засагч Деклан Магий онцоллоо. 

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020 онд 2.1% болж огцом буурна гэсэн төсөөллийг Баасан гарагт танилцууллаа. 2019 оны есдүгээр онд 6% байна гэсэн төсөөллөө ийнхүү бууруулсны 4.3% нь COVID-19 болон үүнтэй холбоотой Хятадын эдийн засагт ирж байгаа шок дангаараа тайлбарлаж байгааг Монгол дахь АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд хэлэв. 

Ийнхүү Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк 2020, 2021 оны эдийн засгийн төлөвийн таамаглалаа танилцууллаа.

График 1. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг төсөөлөл (АХБ)

Экспорт 13.2% буурна гэж үзсэний 75% нь зөвхөн нүүрсний экспортын уналтаас шалтгаална

 
Гэрэл зургийг Mpa.mn

АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд ирээдүйн төлөвийг танилцуулахдаа 2019 оны эдийн засгийн суурь нөхцөлийн талаар мөн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр COVID-19 цар тахлын өмнө буюу 2019 оны гуравдугаар улирлаас Монгол Улсын эдийн засаг аль хэдийн саараад эхэлчихсэн байсныг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. 

Юуны өмнө  уул уурхайн салбрын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр огцом багассан буюу 5.1 хувийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр тэглэгдсэн байна. Үүнийг дагаад тээвэр, боловсруулах үйлдвэрлэл гэх мэт салбарууд саарсан нь цаашид үргэлжилж, 2020 онд -2.6 орчим хувиар энэ салбар агшина гэсэн төсөөлөл хийжээ.

Эрэлт талаасаа хувийн хэрэглээ, төсвийн нөлөө буюу Засгийн газрын хэрэглээ, түүний хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төрөл бүрийн хөтөлбөрүүдийн эдийн засагт үзүүлэх хувь нөлөө саарна гэж үзсэн байна. 

Мөн 2020 онд экспортын эрэлт муудах, үнэ буурах сувгаар дамжаад худалдааны нөхцөлд экспортын орлого буурах сувгаар дамжаад барааны гадаад худалдааны тэнцэл агших бөгөөд гадаад худалдааны нийт эргэлт дунджаар 12 % буурна гэж төсөөлжээ. 

Экспорт нийт 13.2% буурна гэж үзсэний 75% нь зөвхөн нүүрсний экспортын уналтаас шалтгаална гэж тооцсон байна. 

Товчхондоо, гадаад санхүүжилтийн дутагдал Монголын эдийн засагт үүсэх бодитой эрсдэл бий болжээ гэж дүгнэжээ. 

Монгол Улсын нийт мөнгөний нийлүүлэлтийн 21.2 хувьтай тэнцэх хэмжээний илүүдэл төгрөг ТБҮЦ хэлбэрээр төв банканд байршиж байна

 
Монголбанк

Инфляц 2019 онд 7.3 хувьтай байсны дотор хүнсний барааны үнэ нэлээд өсөж, 3.8 нэгж хувиар өсөөд 10.7 хувьтай гарсан. Түүнчлэн тээврийн зардал нэмэгдсэн, нийлүүлэлтийн шок, төгрөгийн ханшийн сулрал, импортын орц өндөртэй дотоодын барааны үнэ дэх сувгийн нөлөөллөөр өссөн ч Монголбанкны зорилтот 8%-ийн түвшинд тогтворжсон. 

Харин 2020 оны тухайд COVID-19-ийн эрсдлээс үүдэн эдийн засгийн бодит өсөлт огцом саарах бөгөөд эрэлт, хэрэглээ, дотоод хөрөнгө оруулалт нэлээд хумигдахтай уялдаад инфляц 0.7 нэгж хувиар буурна гэсэн төсөөлөл хийжээ. 

График 2. Инфляцын төсөөлөл

Монголбанк 2019 онд интервэнц нэлээд идэвхтэй, тогтмол хийсэн. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш оны дүнгээр 2019 онд 3.4% суларсан байдаг. Үүний цаана Монголбанкны захад нийлүүлсэн ам.долларын хэмжээ асар их байсан буюу 2.8 тэрбум долларыг нийлүүлсэн. Энэ нь 2018 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн дүн. 

2019 оны эхний гурван улирал гадаад худалдаа ашигтай гарч, ийм их хэмжээний валют захад нийлүүлээд байхад төгрөгийн ханш ийнхүү суларсан нь валютын зах дээр бий болж байгаа хүчин зүйлийг зайлшгүй харгалзах шаардлагатайнх гэж АХБ үзжээ. 

Үүний шалтгаан нь маш их богино хугацааны төгрөгийн илүүдэл Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр байгаа бөгөөд зөвхөн ТБҮЦ(Төв банкны үнэт цаас) гэдэг байнгын хэрэгсэл дээр байршиж байна. Одоогоор Монгол Улсын нийт М2 мөнгөний нийлүүлэлтийн 21.2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4.5 орчим их наяд илүүдэл төгрөг байна. Энэ мөнгө эдийн засгийн хүлээлт муудах, хүлээлт дээр шок өгөх тусам үнэ цэнийг хадгалах зорилгоор валютын зах дээр дарамт үүсгэдэг гэдгийг тэрбээр хэллээ.

Тиймээс 2020 он ба түүнээс цааших хугацаанд энэ их илүүдэл богино хугацаатай төгрөгийг хэрхэн яаж зөв арга механизм, сувгаар эдийн засагт шингээх ёстой, яаж цаашид өгсөхгүй байх бодлогын зохицуулалт хийх вэ гэдгийг сорилт болгохыг АХБ зөвлөв. 

Төсвийн орлого үргэлжлэн тасалдах эрсдэл байсаар байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

2017-2019 онд харьцангуй тогтвортой байсан төсвийн орлого энэ жилийн эхний хоёр сарын байдлаар дутагдалд орж, зарлагын санхүүжилтийн эрсдлүүд нэмэгдэж, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг олох шаардлага үүсгэсэн бодлогын сорилт бүхий жил болж байгаа. 

COVID-19 цар тахлын нөлөөгөөр цаашид ч гэсэн төсвийн орлого үргэлжлэн тасрах, тасалдах эрсдэл байсаар байгаа тул төсвийн нийт зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, шаардлагатай тохиргоонуудыг хийх, эдийн засагт дэмжлэг үзүүүлэх хөтөлбөр, төслүүдийн хүрээнд санхүүжилтийг оновчтой сувгаар нь зарцуулах, санхүүжилтийг гадаад, дотоод эх үүсвэрээс дайчлах, санхүүгийн салбарт зээлийн тасалдлаас сэргийлэх зэрэг бодлогын сорилтууд шинээр бий болж байна. 

Нөгөө талаар, мөнгөний бодлого эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэйгээр явах ёстой. Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах, долларжилтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийн бодлогын тохиргоо, өөрчлөлтүүдийг 2019 онд идэвхтэй хийсэн. Ингээд 2019 оны эцэс гэхэд буюу цар тахлаас өмнө Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 7%-ийн л өсөлттэй гарлаа. Үндсэндээ зээлийн өсөлт 5 ч хүрэхгүй хувьтай, 0 рүү тэмүүлсэн байдалтай болж ирсэн. 

Ийм нөхцөл байдал дээр COVID-19-ийн нөлөөг тусгахаар мөнгөний нийлүүлэлт агших, зээлийн тасалдал үүсэх вий гэсэн болгоомжлолууд нэгэнт санхүү, мөнгөний зах зээл дээр бий болно. Мөнгөний энэ өсөлтийг тогтворжуулах, зээлийн тасалдал үүсгэхгүй байх, ажил эрхлэлтийг дэмжих, эргээд хувийн сектортоо янз бүрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь чухал сорилт болж байна гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд онцоллоо. 

Цар тахлын эрсдэл өснө гэж үзвэл 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт байхгүй, агшилт руу орно

2020, 2021 оны төсөөллийг АХБ гаргахдаа гадаад худалдаанаас гадна нийт эдийн засгийн валютын урсгалууд, гадаад зээллэг, багцын хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх аливаа хориг арга хэмжээ, хязгаарлалтын нөлөөллүүдийг давхар тооцож, тусгажээ. 

График 3. Урсгал дансны төсөөлөл (ДНБ-д эзлэх хувь)

2020 онд суурь төсөөллөөр Монголын эдийн засгийн өсөлт 2.1 хувь болж нэлээд саарна гэж үзсэн байна. Хэрэв 2020 оны сүүлийн хагас жилд COVID-19 цар тахлын эрсдэл өснө гэж үзвэл 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт байхгүй, агшилт руу орно гэсэн эрс сөрөг төсөөлөл хийсэн байна. 

Харин 2021 онд COVID-19-ийн нөлөөлөл саарч, дэлхийн болон бүс нутаг, Хятадын эдийн засаг сэргэх, Монгол Улсын гадаад эрэлт нэмэгдэх, ялангуяа коксжих нүүрсний экспорт буцаад сэргэх хандлага руу орохоос гадна Оюу толгой төслийн олборлож байгаа хүдрийн чанар, алтны агуулга сайжрах гэсэн энэ чиг хандлагыг тооцсоноор урсгал тэнцлийн алдагдал 2020 онд нэмэгдэх бол 2021 онд буцаад буурна гэж үзжээ. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, дотоодын эрэлт нэмэгдэнэ гэж таамаглажээ. 

Нөхцөл эрс муудахаас өмнө гадаад өрийн удирдлага, зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал

Нөхцөл байдал хурдан сайжирвал мэдээж суурь үзүүлэлтүүдийн таамаглалууд дээшлэх ч нөлөөллийг дутуу тооцоолох нь эрсдэлтэй гэдгийг анхааруулав. 

Үндсэндээ дараах бодлогын сорилт байгаа тул дараах ажлуудыг хийх шаардлагатай байгааг чухалчлав. Үүнд

  • Түүхэн хугацаанд бодлогын тогтвортой байдал, нийцэл сул: Улс төрийн сонгуулийн өмнө болон дараа. Сүүлийн 4 удаагийн УИХ сонгуулийн мөчлөгийг харвал төсвийн зардал сонгуультай жилд дунджаар 29.2% өсдөг боловч удаах жил нь дунджаар 1.7% агшдаг.
  • Макро эдийн засгийн бодлогын шинэ багц, дунд хугацааны тогтвортой байдал: Эдийн засагт үүссэн өнөөгийн сорилт бэрхшээлийг давах, уналтыг зөөлрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, дараагийн өсөлтийн мөчлөгийн суурийг хамгаалж бэхжүүлэх.
  • Мөчлөг сөрсөн төсвийн бодлого: Төсвийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөх, хэрэгжилт нь макро эдийн засгийн бодлогын үндсэн зорилтуудыг онилж, өрийн удирдлагыг зохистой хэрэгжүүлэх зарчимд нийцсэн байх. Боломж бүрдэх бүрт төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх. Төсвийн төлөвлөлт, төсөөлөл, батлах үйл явцыг илүү бодитой болгож сайжруулах.
  • Зардал, санхүүжилтийг ач холбогдлоор нь дахин эрэмбэлэх, эдийн засгийн уналтыг зөөлрүүлэх, улмаар идэвхжих суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий санхүүжилтийн багцыг хэрэгжүүлэх, ингэхдээ хүний хөгжил, ажлын байр, ирээдүйн өсөлтийг хангах.
  • Дунд хугацааны ЗГҮЦ гаргах замаар зах зээлд байгаа илүүдэл төгрөг (ТБҮЦ ₮4.5 их наяд)-ийн эх үүсвэрийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглах. Энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн дарамтыг бууруулахад эергээр нөлөөлнө. Янз бүрийн хугацаатай ЗГҮЦ гаргах замаар төгрөгийн бенчмарк өгөөжийн муруйг дахин бий болгох.
  • Хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх, түүнийг санхүүжүүлэх замаар нийлүүлэлтийн тогтвортой байдлыг нь хангаж, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, улмаар арилгах (мөнгөний бодлогын орон зай ).
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэхдээ зөвхөн валютын илүүдэл нийлүүлэлтийг интервенцээр худалдан авах замаар хэрэгжүүлэх. Экспортлогчид ам.доллараа зөвхөн төв банкинд худалдах бус валютын захад чөлөөтэй нийлүүлэх. Ингэхгүй бол валютын нийлүүлэлт талд гажуудал үүсэх, төгрөгийн нийлүүлэлт ихсэх, улмаар энэ нь мөнгөний бодлогын зорилтод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
  • Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах.
  • Санхүүжилтийн нөхцөл эрс муудахаас өмнө гадаад өрийн удирдлага, зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал байгааг зөвлөлөө.