Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Шуурхай штаб нь Засгийн газар, УОК-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, өдөр тутмын асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр 24 цагаар ажиллаж байна. 

Шинэ коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д халдвар авсан хүний тоо 244,877 болчихлоо. Нэг өдрийн дотор 29,784 хүн өвдөж байна. Ийм тохиолдол өмнө нь Хятад, Солонгос, Италид ийм зүйл болоогүй. 

Эх орондоо ирье гэсэн хүний тоо 20-иодхон хоногийн өмнө 3,000 орчим байсан бол өнөөдөр 6,100 болоод цаашдаа нэмэгдэх хандлагатай болчихсон байна. Нийт 47 орноос хандсан. 

Тэр орнуудад байдал хүнд байгаа учраас манай иргэдийн байдал амаргүй байна. Ажилгүй, орлогогүй болохоос өмнө арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл нэлээд их ажиглагдах болсон. Гадагшаа гарч, дэлгүүр орж, хүүхдээ салхилуулах боломжгүй болсон учраас эх орондоо ирье гэж байгаа юм. 

Гэвч бид нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийнэ. Нислэг хийгдэж байгаагүй АНУ, Канад зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй. 

Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ. Тусгай нислэгийг ойрхон хийх боломжгүй. Нисэх баг иргэдтэй адил тусгаарлалтад орно. Олон баг байхгүй учраас ойр ойрхон нислэг хийх боломжгүй юм. 

Хоёрдугаарт, УОК-оос гадаад орноос ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага БНСУ-д байгаа иргэдийн хувьд хангагдаж байна. Өчигдөр тус улсаас ирсэн 270 орчим хүний 18 нь л шинжилгээ өгч чадаагүй байсан. 

Бусад орны тухайд шинжилгээ хийлгэх шаардлага хангагдахгүй байна. Тухайлбал, Япон улсын тал өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст л шинжилгээ хийнэ гэж байгаа. Ийм тохиолдолд бид оношлогоо явуулж, иргэдээ шинжилгээнд хамруулъя гэдэг хүсэлт тавьсан ч тус улсын зөвшөөрөлгүй оношлогооны хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэсэн хариу өгсөн. 

Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй. Тиймээс энэ бол маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Түүн дотроо 56 орчим иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Мөн Европын орнуудаас ч ирж байна.

Байрлуулах байрнуудыг зохицуулсан. Гэр бүлээрээ болон зайлшгүй асаргаа шаардлагатай гаас бусад бүх зорчигч нэг нэгээрээ байрлана. 
Бүх зүйл хяналтад байгаа. 

Дээрх мэдээллийг хийсний дараа Шуурхай штабын бүрэлдэхүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Шадар сайдын хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирсэн гэдэг мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Миний хүүхэд түрүүчийн ирсэн 1,000 хүний дотор ирсэн. Герман, Москвагийн онгоцоор ирсэн. АНУ-д сурдаг хүүхэд. Тэр онгоцоор 231 зорчигч ирсэн. 20 орчим зорчигч дутуу ирсэн. Тийм учраас ямар нэгэн хүний урдуур дайрсан асуудал байхгүй. Өөрөө билетээ бичүүлээд тойрсоор ирсэн. 

Хэн ч гэсэн хүрээд ирлээ гэхэд миний хүүхэд учраас, даргын хүүхэд учраас цаашаа бай гэж би л лав хэлж чадахгүй. Хамгийн гол нь төлбөрөө төлсөн, хүний очер дайрахгүй, ар өврийн хаалгаар онгоцонд суух ёсгүй. 

-Тусгаарлалт байгаа хүмүүс үүргээ биелүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Тэдгээр хүмүүст ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Тусгаарлах байранд байгаа нөхцөлд нь арга хэмжээ авах бололцоо байхгүй. Энэ хугацаа дууссаны дараа Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Үүнтэй холбоотой заалтууд Эрүүгийн хуульд тодорхой байгаа.