Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар авсан усан цэргүүдээ аврахыг хүсэж, захидал бичсэн АНУ-ын хөлгийн ахмадыг ажлаас нь халжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн тахал дэгдэж, олон тооны усан цэрэг өвчлөөд байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдөр хөлгийн ахмад Брэтт Крозер АНУ-ын тэнгисийн флотын захиргаанд захидал бичихдээ нөхцөл байдлыг тайлбарлаж, 4,000 орчим усан цэргээ аврахыг хүссэн юм.

 Одоо хөлөг Гуам арлын боомтод зогсож байгаа бөгөөд усан цэргүүдийг эрэгт шилжүүлж, тусгаарлах, эмчлэх ажил эхлээд байгаа. Нийтдээ 100 гаруй усан цэрэг Covid-19 өвчний халдвар авсан байна.

Тэгвэл өчигдөр АНУ-ын тэнгисийн флотын удирдлага хөлгийн ахмад Брэтт Крозерыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа зарлажээ.

Ахмадын бичсэн захидал армийн дотоод сүлжээнээс алдагдаж, олон нийтэд ил болсон нь “нийгэмд шаардлагагүй цочрол, түгшүүр үүсгэсэн” гэж албаныхан гаргасан шийдвэрээ тайлбарласан байна.

Нэг үгээр хэлбэл ахмад Крозерыг захидлынхаа нууцлалыг хангаж чадаагүй гэж буруутгажээ.

Дөрвөн хуудас захидалдаа ахмад тус хөлгийн 4,000 усан цэргийн амийг аврахын тулд шийдвэртэй алхам хийхийг флотын захиргаанд хүссэн байв.

Захидал ил болсноор Пентагон өөрийн тэнгисийн хөлгүүдийн бие бүрэлдэхүүнийг халдварт өвчнөөс хамгаалж чадаж байгаа эсэхэд эргэлзээ үүсч, алба хаагчдын ар гэрийнхний санааг зовоож эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters