Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лүндээжанцан: Гишүүд төрийн ордны танхимуудад хуваагдан эсвэл өрөөнөөсөө цахим хуралдаанд оролцоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган ирэх Даваа гарагт буюу гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн чуулган 2016-2020 оны парламентын хамгийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлогтой юм. Мөн хаврын чуулганыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагалдах хуулиудыг батлах хариуцлага хүлээж буй. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн дэгдэлтийн үед хүмүүсийг олноор цугларахгүй байх тухай зөвлөмж гаргасаар байгаа. Уг зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүд чуулганы танхимд цугларч, хуралдах боломжгүй болсон гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд чуулганы хуралдааныг цахимаар явуулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа. 

-Чуулганы хуралдааныг цахимаар хуралдуулахтай холбоотойгоор УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг та сая өргөн барилаа. Хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ? 

-ДЭМБ болон УОК-оос хүмүүсийг хоорондоо 2-3 метр зайтай байхын зөвлөсөөр байна. Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч үед тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл вирусийн тархалт, хаврын чуулганы нээлт давхцаад байна. Тиймээс эхлээд ирцээ бүрдүүлж, чуулганы нээлтийг хийж, цахим хуралдааны дэгийг баталж байж, цаашид хуралдах нөхцөл бүрдэх юм. 

Цахимаар хуралдах үед гишүүд бүгд хуралдаанд оролцоно. Асуулт тавьж, хариулт авна. Саналаа илээр хураана. Зөвхөн нууц санал хураалттай үед хэцүү байгаа юм. 

Ер нь онц байдал зарлагдсан, байгалийн гамшиг, дайн бүхий байдал, дайны байдалд, олон улсын хөл хориот дэглэм тогтсон үед төрийн эрх барих дээд байгууллага саадгүй үйл ажиллагаа явуулж, төлөөллийн байгууллагынхаа үйл ажиллагааг явуулах ёстой. Тийм учраас онцгой нөхцөл цахимаар хуралдах боломжийг дэгийн хуулиараа нээж өгөх шаардлага бий болж байна. 

-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар?

-Хаврын чуулганаар графикийн дагуу Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд өргөн барих гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль батлах босго, чуулган үргэлжлэх хугацаа, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах хязгаарлалтаас авхуулаад Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудал гэх мэт зүйл болгоныг энэ хуулийн төсөлд оруулж байгаа. 

Энэ батлах хууль нь сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Их Хурлаас хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын тухай хуулийг мөн шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ. 

-Засгийн газрын тухай хуульд ямар өөрчлөлт тусгаж байгаа вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдэг маргаан хуульчдын дунд үүсээд байгаа?  

-Хуульчид ямар ч юман дээр маргаж чаддаг нь мэргэжлийн онцлог юм. Бид бүгд ярилцаж хэлэлцээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа ойлголцсон. “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэсэн байгаа. 

Засгийн газрын тухай, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сард багтаан батална. Дээрх хэлсэнчлэн эдгээр хуулийг шинээр байгуулагдах УИХ, Засгийн газар хэрэгжүүлнэ. 

Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 45 хуулийг бүгдийг нь энэ хаврын чуулганаар баталж амжихгүй. Жишээ нь, Шүүхийн тухай хууль хаврын чуулганд өргөн баригдана. Хэрэв баталж амжвал намраас хэрэгжүүлж эхэлнэ. 

-Гишүүдийг төрийн ордны хуралдааны танхимуудад хуваарилан чуулганы хуралдааныг явуулна гэдэг мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын чуулганы хуралдааны танхимд Их Хурлын дарга эсвэл дэд дарга хуралдааныг удирдана. Тэр танхимд УИХ-ын даргын зөвлөлийн гишүүд, нам, эвслийн бүлгийн төлөөлөл, байнгын хороодын дарга нар байх ёстой. Том зааланд 10 гаруй хүн тараад суучихад болох байх. 

Бусад нь Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхим, Сүхбаатарын танхим, В, Г заалнуудад хуваагдан сууж болно. Мөн зарим нь өрөөнөөсөө шууд холбогдон хуралдаанд оролцож болно. 

-Цахимаар хуралдах тоног төхөөрөмжийн бэлтгэл хэр хангагдсан бэ? 

-Холбоо харилцаа, технологийн байгууллага болон тагнуулын байгууллагатай нягт хамтран ажиллаад техникийн сорил өнөөдрөөс хийгдэж байна. 

Бүх гишүүд ipad-аа идэвхжүүлээд, нэг дор сууж байгаа юм шиг хуралдана.  

-Цахим хуралдаан ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Хөл хорио тавигдмагц ердийн дэгээрээ хуралдаж эхэлнэ.