Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ҮАБЗ-д хандаж мэдээлэл хүргүүллээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2020 оны 4 сарын 1
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Цемент-Шохой” ХК нь 37 жил тасралтгүй ажиллаж Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж эх орны барилгын хэрэгцээг цементээр, Эрдэнэт үйлдвэрийг технологийн шохойгоор, Хөтөл хотын төр, төсвийн байгууллага, ард иргэдийг халуун ус, дулааны эрчим хүчээр 100 хувь хангаж ирсэн үндэсний томоохон үйлдвэрлэгч компани билээ.  

Улсын их хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар шийдвэрийн дагуу Төрийн өмчийн хороо, “Бэйзмент”  ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Цемент Шохой” ТӨХК-ийг 1.3 тэрбум төгрөгөөр бус нийт 39.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд гэрээнд заагдсан үүргээ бид хугацаанд нь бүрэн биелүүлсэн. 

Хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн зүгээс 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын хөгжлийн банкнаас 61.2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 84.7 тэрбум төгрөг, бусад арилжааны банкуудаас 201.2 тэрбум төгрөг, нийт 285.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийснээр дотоодын цементийн зах зээлийн 50%-ийг дангаар хангаж Улс эх орондоо үнэтэй хувь нэмрийг оруулсаар өнөөг хүрлээ. 

Тус компани нь орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий клинкер /чулуунцар/ үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн 2014 онд ашиглалтанд оруулсан нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй барилгын материалын үнэ тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хараат бус байдлыг арилгах, валютын гадагшлах урсгалыг бууруулах бодлогод нийцсэн ажил болсон юм. 

Энэхүү бүтээн байгуулалтыг хийх үед 1 ам.долларын ханш 1,384 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1 ам.доллар 2,768 төгрөг болж өссөн, мөн дээрх хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай түлш түүхий эд, бараа материал, цахилгааны үнэ 20-75 хувиар тус тус өссөн хэдий ч 2014 оны дотоодын зах зээл дээрх нэг тонн цементийн үнийг нэмэгдүүлэхгүйгээр 155,000-158,000 төгрөгт тогтвортой барьж алдагдлыг энэ хугацаанд манай компани хүлээж ирсэн. 

Төсөл хэрэгжүүлж эхлэх үед дотоодын цементийн хэрэглээ 1.1 сая тонн байсан боловч жилд тус бүр 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ижил төрлийн 3 үйлдвэр шинээр ашиглалтанд орсноор зах зээлд цементийн илүүдэл үүсч, байгуулагдсан үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй нь цементийн үйлдвэрүүд болон “Цемент Шохой” ХК-ийн хувьд хүнд нөхцөл байдлыг бий болгосон ч бид БНХАУ-аас хараат байсан цементийн зах зээлийг эх орондоо үйлдвэрлэсэн цементээр хангаж буйдаа бахархалтай байдаг.  

Сүүлийн үед сонгуулийн хугацаа дөхөж байгаатай холбогдуулан улс төрийн захиалгаар компани дээр мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтыг удаа дараа оруулах, тог цахилгааныг бага зэргийн төлбөрт үндэслэн шууд салгах зэрэг нь үндэсний үйлдвэрлэгчид болон Хөтөл хотын ард иргэдэд сөргөөр нөлөөлөх, хэт нэг талыг барьсан ёс зүйгүй үйлдэлүүд газар аваад байна. 

Тухайлбал Улсын их хуралд нэр дэвшигч Зам, тээврийн хөгжлийн яамны Дэд сайд асан, эдүгээ тус яамны сайдын зөвлөх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч даргаар ажиллаж буй Б.Цогтгэрэл нь УИХ-д сонгогдох хувийн эрх ашгийн үүднээс удаа дараа олон нийтийн сүлжээ, хэрэгслийг ашиглан компанийн талаар ард олныг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй хамтран цацаж байгаа нь “Цемент Шохой” ХК-ийн үйл ажиллагааг санаатайгаар харлуулах гэсэн хэт улс төрийн зорилготой, сонгогчдын санал авах бусармаг үйлдлийг хийж байгаад туйлаас харамсаж байна.  

Бидний зүгээс зах зээлийн хүнд хэцүү үед компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр тасралтгүй явуулж 800 гаруй ажилтан, албан хаагчдаа байнгын ажлын байраар хангаж бүхий л чадлаа дайчлан ажиллаж байгаа хэдий ч Үндэсний үйлдвэрлэгч рүү чиглэсэн хэт их явуургүй улс төржилт нь компанийн үйл ажиллагааг зогсоож үйлдвэрийн ажилтнууд ажилгүй болох, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг технологийн шохойгоор хангах ажиллагааг зогсоох хүнд нөхцөл байдал үүсэх, Дулааны станцын үйл ажиллагааг доголдуулж Хөтөл хотын ард иргэдийг халуун ус, дулааны эрчим хүчээр хангаж чадахгүй болгох эрсдэлтэй нөхцөл үүсэхэд хүрч болзошгүй байна.   

Иймд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд Та бүхнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улс төртэй холилдуулахгүйгээр хэвийн ажиллах боломжийг бүрдүүлж, Хөтөл хотын ард иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг хангаж өгнө гэдэгт гүнээ итгэн энэхүү мэдээллийг хүргүүлж байна.   

 

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.