Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Туслахаас нь Covid-19 халдвар илэрсний дараа Израйлийн ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Бенжамин Нетаньяху

Туслахаас нь Covid-19 өвчний халдвар илэрсний дараа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шинжилгээ өгөөд өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Ерөнхий сайдын туслахуудын нэг Ривка Палух гэдэг эмэгтэйн шинжилгээний хариу Даваа гарагт эерэг гарсан юм байна. Түүнийг нөхрөөсөө халдвар авсан гэж үзэж байгаа юм.

Одоо 70 настай Нетаньяху сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд туслахтайгаа ойр харилцаагүй тул халдвар авсан байх магадлал бага гэж албаныхан мэдээлжээ. Гэсэн хэдий ч шинжилгээний хариу гарах хүртэл ерөнхий сайд өөрийгөө тусгаарлахаар болсон байна.

Израйль улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 4,695 тохиолдол бүртгэгдэж, 16 өвчтөн нас бараад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон халдвартай нь тогтоогдож, өөрийгөө тусгаарлан эмчлүүлж эхэлсэн юм. Мөн Германы канцлерь Ангела Меркель эмч нь Covid-19 өвчний халдвар авсны дараа өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авжээ.

 

Эх сурвалж: Reuters