Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Эмнэлгээс гарч байгаа хоёр иргэнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн судалгаа хийнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НямхүүЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар хариуллаа.

- Эдгэрээд эмнэлгээс гарч байгаа иргэдэд дахин шинжилгээ хийх үү?

А.Амбасэлмаа: Эмнэлгээс гарсан хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн судалгаа хийнэ.

Нууц үеийн хугацаа нь судалгаагаар тогтоогдсон. Бусад орнуудад гарсан өвчлөлийн байдлаас судалгаа авахад сүүлийн 74 өвчтөн дээр хийсэн судалгаа, шинжилгээгээр вирус илрээгүй хэрнээ 16 хоногийн дараа вирус илэрсэн байна.Тиймээс бид тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон.

-Уушгины аппаратаар эмчилгээ хийж байгаа юу?

Д.Нямхүү: Өвчтөнүүдийн уушгийг компьютер томографаар хянаж байгаа. Энэ бол маш чухал зүйл юм. Учир нь үүгээр уушгинд гарч байгаа нэвчдэс өөрчлөлтүүд, хэрхэн сэргэж байгаа нь тодорхой харагддаг.

Мөн вирусийн шинжилгээ таван сорьцонд буюу хамар, залгиур, цэр, цус, өтгөн, шээсэнд үзэж байгаа. Вирус энэ таван шингэнд илрэхгүй байгаа тохиолдолд тэр хүний бие дэх вирус лаборатори талаасаа бүрэн арилсан гэж дүгнэнэ. Мөн эмчилгээтэй холбоотой шинж тэмдгүүд нь бүгд илааршиж эдгэсэн.

-Өвчтөнүүдэд уламжлалт эмчилгээний эм, тан хэрэглэсэн үү. Өвчтөний эдгэрэлтийн хугацаа хэдэн хоног байсан бол?

Я.Буянжаргал: COVID-19 халдварын эмчилгээний хугацаа хөнгөн өвчтөнд 14 хоног гэсэн дэлхий нийтийн жишиг бий. Харин хүнд өвчтөн бол 6-7 долоо хоног хүртэл үргэлжилж байгаа. Бид эмчилгээгээ ДЭМБ-аас батлан гаргасан зааврын дагуу хийж байгаа. Яг энэ тохиолдолд уламжлалт эмчилгээний эмийг хэрэглээгүй бөгөөд вирус, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ болон амьсгал, дархлаа дэмжих эмчилгээ хийсэн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.