Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ганболд: Хэрэглэгчийнхээ өмнө давуу тал, ялгарлыг бий болгож чадсан компани л амжилт олно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 26
Сурталчилгаа

Барилгын салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, трендийг танилцуулдаг “Төгс бүтээгч” арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Салбарын мэргэжилтнүүд,  удирдах ажилтнуудын сонирхдог, хүлээдэг гол үйл явдлуудын нэг болсон тус арга хэмжээг “Премиум Групп” санаачлан зохион байгуулдаг юм. Энэ жилийн арга хэмжээний онцлог болоод барилгын салбарын ирээдүйн чиг хандлагын талаар  “Премиум Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболдтой ярилцлаа. 


 

-Танай хамт олон “Төгс бүтээгч” арга хэмжээг 2018, 2019 онуудад тун амжилттай, үр дүнтэй зохион байгуулсан. Энэ жилийн тухайд хэрхэн, ямар онцлогтойгоор зохион байгуулах гэж байна вэ?

-Манай “Премиум Групп” болон түүний охин компани болох “Премиум бьюлдинг материалс” компанийн хамт олон барилгын салбарынхаа хэрэглэгч, харилцагч нартаа шинэ мэдлэг, мэдээлэл өгч байх зорилгоор анх 2018 тус арга хэмжээг санаачилж байсан. Анхны “Төгс бүтээгч-2018”-ийн үеэр барилгын салбарын  үр ашгийг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч, ярилцаж байсан бол “Төгс бүтээгч-2019” дээр дэвшилтэт технологи гэсэн сэдвийг сонгон салбарынхаа 300 гаруй мэргэжилтнийг урьж оролцуулсан юм. Энэ жилийн арга хэмжээг бид “SUSTAINABLE CONSTRUCTION” сэдвээр зохион байгуулна. Гэхдээ дэлхий нийтээр тархсан вирус, хөл хорионоос болж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан байгаа тул бид цаг үеийнхээ нөхцөл байдалдаа нийцүүлэн сонгож авсан сэдвүүдээ дижитал хэлбэрээр буюу Vlog болон podcast-ийн цуврал контентууд бэлдэж  сошиал сувгуудаар түгээх хэлбэрээр арга хэмжээгээ зохион байгуулна.

- Sustainable construction буюу байгаль болон хүнд ээлтэй барилга бүтээн байгуулалт гэдэг нь яг ямар чиг хандлага юм бэ, яагаад энэ сэдвийг сонгох болов?

-Энэ бол сүүлийн жилүүдэд олон улсад түгээмэл яригдах болсон, ялангуяа барилга бүтээн байгуулалтын салбарынхны хувьд анхаарал татаж буй сэдэв. Монголд ч сүүлийн үед тогтвортой хөгжлийн бодлого, байгальд болон хүнд ээлтэй байх тал дээр их ярих болсон. Манай барилгын компаниуд ч энэ тал дээр анхаарч цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэх мэтээр ажилладаг. Гэхдээ яг бүрэн дүүрэн ойлгоод , барилгын болон дэд бүтцийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа гэвэл учир дутагдалтай. Тиймээс энэ тал дээр нь дэм тус болох үүднээс, нөгөө талаас барилгын салбарт ажиллаж байгаагийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ сэдвийг сонгосон. Дэлхий нийтээр байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж байна. Барилгын салбар өөрөө уламжлалт технологиороо аль ч үйлдвэрлэл нь байгальд сөрөг зүйл дагуулдаг.

Жишээлбэл цемент, арматур, барилгын өнгөлгөөний материалуудыг үйлдвэрлэхэд  их хэмжээний хүлэмжийн хий ялгардуулдаг. Тэгэхээр энэ процессыг бид хэрхэн өөрчилж,  хэрхэн бага ч гэсэн байгальд ээлтэй болгох вэ, нөгөө талаас бидний үйлдвэрлэсэн, босгосон барилгад амьдрах иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн анхаарах вэ гэдэг нь бидний гол ярих сэдэв байх болно. Байгальд ээлтэй байх гэдэг дээр, наад зах нь бид сэргээгдэх эрчим хүч ашиглавал дулааны цахилгаан станцын ачааллыг бага ч гэсэн хөнгөлнө. Ус гэдэг нөхөгдөшгүй баялаг атал өнөөдөр барилга дээр 80-90 хувьд нь гүний ус ашигладаг. Яагаад бид усны хэмнэлттэй технологи нэвтрүүлж болохгүй гэж.

Хэрэглэгч талаасаа гэвэл нэн түрүүнд аюулгүй байдал чухал. Өнөөдөр дэлхий даяар короно вирус тархаж хөл хорио тогтоолоо,  байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Гэтэл орон сууцны барилгууд энэ байдалд хэрхэн анхаарч, агааржуулалт, гэрэлтүүлгийг хэрхэн шийдвэрлэв, гамшиг боллоо гэхэд нөөц орц, гарцыг нь яаж шийдэв гэх зэрэг асуудлууд маань “sustainable construction” гэдэг ойлголтод хамаарах юм.  

 

- Яг энэ асуудал дээр хэрэглэгчид их соргог хандах болсон шүү дээ. Орон сууц худалдан авах гэж байгаа бол ая тухаас гадна  ногоон байгууламж, орчин, материал гээд бусад давуу талуудыг нь харж байж сонголтоо хийх болсон?

- Тийм. Иргэнд ээлтэй, хэрэглэгчдэдээ ээлтэй барилгыг барина гэдэг нэг ёсондоо тухайн компанид ялгарал үүсгэж байгаа юм. Өрсөлдөөнд хамгийн чухал нь ялгарал. Хэрэглэгчдийнхээ өмнө ямар нэг давуу байдлыг олж өрсөлдөх нь илүү чухал, түүнээс зүгээр нэг нэгнийгээ нухчин дарах нь өрсөлдөөн биш шүү дээ. Тиймээс хэрэглэгчийн өмнө давуу тал бий болгож чадсан төсөл, компани л ялгаралыг бий болгож амжилт олно.  

-Байгаль болон хүнд ээлтэй бүтээн байгуулалт, барилгажилтыг явуулдаг болохын тулд Премиум групп өөрөө технологийн хувьд, материал үйлдвэрлэлийн хувьд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

-Бид байгуулагдсан цагаасаа хойш байгальд , хүнд ээлтэй технологийг судалж нэвтрүүлэх тал дээр анхаарч ирсэн. Тухайлбал бетон гэдэг барилгын чухал хийц тиймээс бараг л ундны ус шиг цэвэр ус хэрэглэх шаардлагатай. Харин бид гүний ус хэрэглэхгүй байх ямар боломж байгааг олон дахин судлаад,  ямартай ч архи болон ундааны үйлдвэрүүдийн ашигласан саарал усыг бетон үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэдгийг  лабораторийн судалгаагаар тогтоогоод одоо үйлдвэрлэлдээ тодорхой хэмжээнд ашигладаг. Мөн бетонд байгалийн элсийг нарийн дүүргэгч материал болгон ашигладаг. Гэтэл Улаанбаатар хотын бүх бетон үйлдвэрлэгчид голын сайр ухаж байгалийн элс авч байна. Голын сайр гэдэг чинь тухайн голынхоо урсгалыг тогтоодог, хөрсөн дор усыг ууршуулахгүй барьж байдаг гол зүйл нь шүү дээ. Тиймээс бид гадаад, дотоодын олон компаниуд, эрдэмтэн, судлаачдын материалыг судлаад уулын чулуунаас механик элс гарган ашиглаж болохыг мэдэж хөрөнгө оруулалт хийж туршсан. Ямартай ч бидний гаргаж авсан механик элс бетоны чанарт ямар нэг нөлөө үзүүлэхгүйгээр байгалийн элсийг орлож чадахуйц байгааг нотолсон. Гэхдээ бид энэ удаад өөрсдийнхөө хийсэн бүтээсэн гэхээсээ илүү салбарын мэргэжилтнүүдийн судалгаа, жишээ нь усны хэмнэлтийг хэрхэн хийх, хүнд ээлтэй барилгын технологи, сэргэгээгдэх эрчим хүчийг барилга, дэд бүтцийн салбарт хэрэглэх боломжууд гэх мэт долоон чухал сэдвээр хамгийн туршлагатай, нэр хүндтэй гадаадын болон Монголын инженер, судлаачдыг урьж яриулахаар төлөвлөсөн.

 

 -Хэдийгээр яг өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн та барилгын салбарын ирээдүйг хэрхэн харж байгаа бол? Цаашдын чиг хандлага ямар байна гэж төсөөлж байна вэ?

-Бид өөрсдөө барилга бариад хэрэглэгчдэд борлуулдаггүй, барилгын салбарын материал ханган нийлүүлдэг компани боловч салбарынхаа ирээдүйд анхаардаг, хувь нэмрээ оруулахсан гэж хичээдэг. Тухайлбал бид барилгын салбарынхан маань хэрхэн үр ашигтай, хурдтай байж болох вэ, ямар хүндрэл байдаг, түүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг бодолцоод сэнтрал  платформыг хөгжүүлсэн. Өнөөдөр манай салбарын 400 гаруй хэрэглэгч  ашиглаж байна. Энэ маань төслийн үйл явц, бүтээмж, санхүүгийн мэдээлэл болон чанар аюулгүй байдлыг бодит хугацаанд хянаж, маш их цаг хугацаа зардал мөнгийг хэмнэх  арга хэрэгсэл болж чадсан.

Тиймээс энэ жил үүнийгээ барилгын компани, захиалагч, бэлтгэн нийлүүлэгч бүгдийг холбосон платформ болгон хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

Эрсдлийн хувьд өнөөдөр аль ч салбар эрсдэлтэй тулгарахаар нөхцөлд байна. Жишээ нь Монголд сонгуулийн жил хүлээлт үүсдэг. Гэтэл дээрээс нь короно вирусийн энэ нөлөө эдийн засгийн хүндрэл үүсгэхээр байна. Тэгэхээр нэгэнт ийм эрсдэл байгаа бол бид одоо хамгийн бага хохиролтойгоор хэрхэн даван туулах вэ гэдгээ л ярих ёстой. Дижитал шилжилтүүдээ ашиглаад зардлаа багасгах, хэрэглэгчдэд өгөөжтэй барилгыг богино хугацаанд барих, давуу тал, ялгарал үүсгэх гэх мэтээр ажиллах ёстой болов уу. Ерөнхийдөө манай барилгын салбар сүүлийн 2 жилд өндөр өсөлттэй явж байсан. 2020 оныг бас боломжийн өсөлттэйгээр төсөөлж байсан ч оны сүүл эсвэл 2021 оны эхээр эдийн засаг хүндрэх, өсөлт саарах магадлалтай. Тиймээс үүнд бэлэн байхын тулд одооноос бодох хэрэгтэй байх.  

- Ярилцлагынхаа төгсгөлд танай үйл ажиллагааны нэрний тухай асуумаар байна. Яагаад “Төгс бүтээгч” гэж нэрлэсэн юм бэ? Таныхаар төгс бүтээгч гэж хэнийг хэлэх вэ?

-Зөвхөн  барилгын салбар ч биш ямар ч салбарт өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн төгс байлгахыг хүсдэг, хичээдэг байх нь амжилтын үндэс юм болов уу. Мэдээж төгс болохгүй байж болно. Гэхдээ болгохын төлөө хичээж, байнга төгсийн төлөө зүтгэж тэмүүлж л байвал эерэг үр дүн заавал ирдэг гэж билэгдээд, барилгын салбарын бүтээн байгуулагч та бол “Төгс бүтээгч” шүү гээд энэ нэрийг өгч байсан юм.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.