Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн хоёр дахь давлагаанаас сэргийлэх хүрээнд 5,000 ор дэлгэх төлөвлөгөө гаргаад байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3,413 иргэнийг тусгаарлан ажиглажээ.

Яг одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, "Асралт мед" эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн.

Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бий. 

Тусгаарлан ажиглалтаас гарч байгаа болон нэмж ажиглалтад орж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор дээрх эмч нараас Багабаянгаас гурван эмч тусгаарлалтаас гарсан бол Орхон аймагт зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэмж ажиглалтын байр руу орсон.

Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана" гэсэн мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн тэрбээр "COVID-19 халдварын эхний давлагааг амжилттай давсан ч одоо хоёр дахь давлагаанаас сэргийлэх, хэрхэн эрсдэлгүй давж туулах талаар төлөвлөлтүүдийг хийж байна.

Үүнээс дурдвал:

- Ховд, Дорнод аймагт лабораторийн шинжилгээ хийх эмч нарыг ХӨСҮТ дээр бэлдэж байна. Дараа нь бид Дархан-Уул болон Орхон аймагт энэ чиглэлээр ажиллаж эмч нарыг бэлдэхээр төлөвлөж байгаа.

- Дэлгэх орнуудын тоогоо бид Монголын хүнд амын дунд гарсан халдварын тохиолдлын тоотой харьцуулж, эрсдлийн тооцоонуудыг хийсэн бөгөөд долоон үе шаттайгаар 5,000 орчим ор дэлгэх төлөвлөгөөг гаргасан.

Энэ орнуудыг дэлгэхэд бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хадгалах тал дээр тооцоолол хийж байна.

Шаардлага гарвал төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаагаар хойшлуулж, хувийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг давхар хийж байгаа.

- Түүнчлэн бид батлагдсан тохиолдлууддаа зарцуулж буй эм, эмнэлгийн хэрэгслийн тооцооллуудыг үндэслэж нэг өвчтөнд зарцуулах дундаж эмийн тооцоог гаргаж байна.

ДЭМБ болон бусад орны туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа юм.

Харин манайд эмчлэгдэж буй иргэд цаашид удаан хугацаанд эмчлүүлэх тооцоололтой байгаа учраас бүх эмийн хэрэгслийн зардал тооцоог хийж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.