Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусээс болгоомжилсон хоригдлууд Колумбын шоронд бослого гаргаснаас 23 хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн аюулаас болгоомжилсон хоригдлууд Колумбын нийслэл Богота хотын хамгийн том шоронд бослого гаргаснаас хамгийн багадаа 23 хүн амь үрэгдсэн тухай тус улсын хууль зүйн яам Ням гарагт мэдээлжээ.

Өчигдөр тус улсын хэд хэдэн шоронд хоригдлуудыг хэт олноор хорьж, ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн юм.

Боготагийн Ла Модело шоронд гарсан бослогын дараа 32 хоригдол, долоон харгалзагч шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэднээс хоёр харгалзагчийн биеийн байдал хүнд байгааг Колумбын хууль зүйн сайд Маргарита Кабелло мэдээлсэн байна.

Ням гарагт Колумб даяар нийт 13 шоронд нэгдсэн зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн гарсныг тэр мэдэгджээ. Өмнөд Америкийн Колумб улсад нийт 81,000 хоригдлын багтаамжтай 132 шорон байдаг гэсэн албан ёсны тоо бий. Тэдгээрийн багтаамж хэтэрч, одоо нийт 121,000 гаруй хүнийг хориод байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Колумб улсад шинэ коронавирусийн 231 халдвар бүртгэгдэж, хоёр өвчтөн нас бараад байгаа. Шоронгууд тахлын үед хамгийн олон хүнд вирус халдаах боломжтой газарт тооцогдож байна.

Тиймээс АНУ, Иран улсууд саяхан олон зуу, мянган хоригдлоо шоронгоос суллах шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.