Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: ОХУ, Казахстанаас ирэх оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар бэлдэж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна.

14:00 цагаас УОК хуралдана. Хуралд Эрүүл мэндийн сайд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулна.

Анхны мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өчигдөр хуралдуулсан. Хурлаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж өнөөдөр УОК-т танилцуулах гэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.