Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрыг хадгалж авч үлдэх нь эдийн засгийн хямралыг хамгийн бага эрсдэлтэй давах чухал зүйл юм

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт болсон Монгол ТВ телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр шинэ коронавирусийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ хийлээ. 

Энэхүү хэлэлцүүлгийг хийсний дараагаар Монголбанк зарим шийдвэрээ эргэн харж өөрчлөлт оруулж байна. 

Гэхдээ бизнес эрхлэгч болоод судлаачдын хувьд одоогийн эрсдлийн эсрэг цогц арга хэмжээ авах шаардлагатайг онцлоод байгаа билээ.

Видео: Нэвтрүүлэг бүрэн эхээр нь үзэх:

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлээс хүргэж байна.

Монголбанкны бодлогын хүү бууруулсан нөлөө 3-4 улирлын дараа л илрэх болов уу
 

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ 

  • Арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэр бол иргэдийн хадгаламж байдаг.
  • Иргэдийн хадгалуулсан мөнгөний жилийн хүү дунджаар 12.8%.  Үүн дээр банкууд үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд төв банкны гаргасан тоогоор зээл олгож байгаа хүү нь жилийн 16.81 байна.  Банкны өөрийн хөрөнгийн ашигт ажиллагаа нь 6.61 хувь, активынх нь ашиг нь 0.91 хувийн л ашигтай ажиллаж байна.
  • Арилжааны банк зээлийн хүүгээ тогтмол буулгасаар байгаад таазандаа тулчихсан гэсэн үг.
  • Монголбанкны бодлогын хүү бууруулсан нөлөө 3-4 улирлын дараа л илрэх болов уу.
  • Арилжааны банкуудын санхүүжилтийн эх үүсвэр нь 10 хувь нь эзний хөрөнгө, үлдсэн 90 хувь нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн л мөнгө байдаг.
  • Арилжааны банк гэдэг чинь бусадтай адил аж ахуйн нэгж. Бусад аж ахуйн нэгжтэй л адилхан эрсдэл хүлээнэ. Иймд эцсийн зээлдүүлэгч бол төв банк юм.
Төв банк мөнгө хэвлэсэн бол эцсийн дүндээ инфляц өсөх буюу ханш өснө гэсэн үг
 

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан

  • Төв банкны зүгээс цогц арга хэмжээ авсан. Төв банкны үнэт цаас буюу бодлогын хүүг бууруулахаас гадна төгрөгийн заавал байлгах нөөц хувь хэмжээг бууруулсан.
  • Банк хоорондын хүүний хэлбэлзэх коридорыг нэмэх, хасах 2 хувь байсныг нарийсгаж 1 хувь болгосон байгаа.
  • Төв банк арилжааны банкны төгрөгийн заавал байлгах нөөцийг буулгаж байгаа нь эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь шууд гардаг.
  • Тодруулбал, банкуудад 100 төгрөгийн эх үүсвэр татахад түүний 10.5 хувийг төв банканд шууд байршуулдаг байсныг 8.5 хувь болгож бууруулсан. Ингэснээр эдийн засагт нийлүүлэгдэх 320 гаруй тэрбум төгрөг чөлөөлөгдөж байгаа. Иймд банкууд шууд  320 гаруй тэрбум төгрөг эх үүсвэрээс шууд чөлөөлөгдөж байгаа гэсэн үг.
  • Шууд бус буюу зах зээлийн хэрэгслээр дамжиж байгаа бодлогын хүүний сувгийн шилжих механизм нь  2-3 улирал буюу хэсэг цаг хугацааны дараа үр дүн нь гардаг.
  • Төв банк мөнгө хэвлэсэн бол эцсийн дүндээ инфляц өсөх буюу ханш өснө гэсэн үг.
Ажлын байрыг хадгалж авч үлдэх нь эдийн засгаа хамгийн бага эрсдэлтэй давах чухал зүйл юм
 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин

  • Коронавирус нь Монголын бизнес эрхлэгчдэд бодитоор хэрхэн нөлөөлж байгаа талаар 1,100 гаруй компани аж ахуйн нэгж, мөн түрээслүүлэгчидтэй уулзаж судалгаа хийв.  Судалгаанаас харахад аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг маш богино хугацаанд хүндрэлд орсон байна.
  • Монголын эдийн засаг ямар хэмжээний цохилт үзэх талаар, ажилгүйчүүдийн тоо хэдээр нэмэгдэх, эдийн засгийн гинжин хямрал яаж явагдах, хувийн хэвшлийнхний гаргасан санал дээр үндэслээд нийт 5 багц 21 саналыг эрх баригчдад байнга хүргэж байгаа. Энэ хугацаанд ялангуяа Монголбанктай холбоотой асуудлууд шийдэгдээд явж байгааг хэлэх хэрэгтэй.
  • Улс орны эдийн засгийн хүндрэл нь жижиг дунд үйлдвэрүүд, үйлчилгээний газруудад хамгийн том цохилт болж байна. Үүнтэй холбоотой ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотойгоор 15 багц санал хүргэгдсэн. Асуудлыг ҮАБЗ хэлэлцэж байгаа. Ойрын үед зөвлөмжөө гаргах болов уу.
  • Бусад улс орныг харахад хорио цээр болоод эдийн засгийн асуудлаа нэн яаралтай шийдвэрлэж байна. Харамсалтай манай улсын засгийн газар энэ асуудалд дорвитой шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа.
  • 2020 оны төсөв өнгөрсөн онтой харьцуулахад орлого, зарлага нь 20 гаруй хувиар өсгөчихсөн байгаа.  2020 он сонгуулийн жил. 
  • Хямралын үед хэрэглээ, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт буудаг. Харин ганцхан зүйл буюу засгийн газрын зардал хэвээрээ гардаг юм байна. Иймд зардлынхаа бүтцэд дахиад нэг анхаараач ээ гэдгийг удаа дараа хэлж байна. Онцын шаардлагагүй хөрөнгө оруулалт их байна.
  • Засгийн газар шаардлагагүй хөрөнгө оруулалтаа энэ хямралын  үед зогсоох хэрэгтэй. Тухайлбал тэвчиж болох хөрөнгө оруулалт гэвэл 500 орчим тэрбум төгрөг гарч ирж байна. Үүнд төрийн байгууллагуудын барилгын ажлын зардал байгаа юм. Эргээд хөрөнгө болгож чадахгүй иймэрхүү зардлыг танаад ажлын байрыг хадгалахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгөөч ээ.
  • Ажлын байрыг хадгалж авч үлдэх нь эдийн засгаа хамгийн бага эрсдэлтэй давах чухал зүйл юм.
  • Бусад улс орныг харахад хоёр зүйл дээр л илүү анхаарч байна. Нэгдүгээрт мөнгөний бодлогоо зөөллөх эдийн засгаа мөнгөжүүлэх бодлого, нөгөө талдаа жижиг дунд болоод ажлын байрыг бий болгож байгаа салбараа бодитойгоор дэмжиж байна.
  • Шийдвэр гаргах хүмүүст саналаа л хүргүүлж байгаа болохоос уулзаж чадахгүй байна. Тойрч суугаад асуудлаа ярилцах ёстой. Тэгж байж энэ хямралыг даван туулна.
  • Төсвийн орлогыг хувийн хэвшил бүрдүүлж байгаа учраас хувийн хэвшлийнхний санаа бодлыг сонсооч ээ, эх оронч санаачилгатай байх хэрэгтэй. Сонгууль болдгоороо болно. Хувийн хэвшлийнхэн чадахаасаа чадахгүйг хүртэл хичээж ажиллаж байна. 
Төсөвт суулгасан байгаа энэ барилга байгууламжийн цаана дандаа тохироо байж магадгүй
 

Эдийн засагч Б.Дөлгөөн 

  • Хамгийн сүүлд АНУ зээлийн бодлогын хүүгээ 0-0.25 хувийн хооронд буулгалаа. Нэмээд 700 тэрбум ам.долларыг зах зээл рүү гаргах болсноо мэдэгдчихлээ. Энэ үйлдэл бол 2009 оны санхүүгийн хямралын үед авч байсан арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, АНУ одоогийн эрсдлийг энэ хэмжээнд үнэлж байна гэсэн үг.
  • БНХАУ-ын засгийн газар нь эрсдэлтэй байгаа мужууддаа хүн амаас нь шалтгаалаад тусламж өгсөн. Үүнтэй харьцуулахад манай улсын засгийн газар эрүүл мэндийнхээ салбарт олон арга хэмжээ авч байгаа боловч одоогийн байдлаар эдийн засгийн тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна.
  • Төв банкны бодлогын хүүгээ 1 хувиар бууруулсан нь юу ч хийгээгүйтэй адил гэсэн үг.
  • Эдийн засагт учрах хор хохирлыг бага эрсдэлтэй туулъя гэж бодож байгаа бол хувийн хэвшил болоод аж ахуйн нэгжид хэрэгтэй шийдвэр гаргаж төсөвтөө яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Одоо бид хамгийн түрүүнд хүндэрч байгаа салбар, компаниудын нарийвчилсан судалгааг хийж тэдгээр салбарт ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. 
  • Төсөвт тодотгол хийж багасгахгүй гэвэл сонгуулийн дараах буюу 6 сараас хойш ашиглахаар төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг урагшаа нөхөж оруулж болох юм.
  • Төсөвт суулгасан байгаа энэ барилга байгууламжийн цаана дандаа тохироо байж магадгүй. Тиймээс энэ тохироонууд нь алдагдчих гээд байгаа учраас төсөвт тодотгол хийхээс зайлсхийж байгаа байх. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.