Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн нөлөөнд орсон эдийн засгаа ДЭМЖИХ улс орнуудын ШИЙДВЭР

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
ft.com

БНХАУ-ын Ухань хотоос анх дэгдсэн шинэ коронавирус нэгдүгээр сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 195 орноос 176-д тархаж, 219,367 хүн халдвар авснаас 8,970 нь амиа алдахад хүргээд байна. 

Дэлхийн II дайнаас хойш байгаагүй хүнд нөхцөл байдал хэмээн Ангела Меркелийн тодорхойлсончлон уг халдварт өвчнөөс үүдэн зөвхөн хоёрдугаар сард дэлхийн худалдаа 50 тэрбум ам.долларын алдагдал амсаад байгааг НҮБ мэдээлжээ. 

Улс орнууд эдийн засгийн хувьд маш том цохилтод ороод байна. Тухайлбал, Европын холбоо 15.5 тэрбум, АНУ 5.8 тэрбум, Япон улсын эдийн засаг  5.2 тэрбум долларын алдагдалд оржээ.

Иймд Засгийн газрууд өөр өөрийн орны бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байрыг хадгалж, эдийн засгаа аврахаар чармайж байна.



АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС:  

 

Трампын засаг захиргаа НЭГ их наяд ам.доллараар эдийн засгаа тэтгэх хөтөлбөрийн санал боловсруулсан бөгөөд үүнд Америк хүн бүрт 1,000 долларын чек илгээх санал багтжээ. Гэхдээ жилдээ сая саяар нь орлого олдог хүмүүст энэ төсөл хамаарахгүй. 

Үүнээс гадна Америкийн иргэдийн нэг сая ам.доллар хүртэл, компаниудын $10 сая хүртэлх дүнтэй татварын төлөлтийг 90 хоногоор хойшлуулах санал тусгагдаад буй.

Цар тахлын хүнд үед хамгийн том хохирогч болоод байгаа агаарын тээврийн салбараа аврахад 50 тэрбум гаруй доллар зарцуулах санал гарсан бол жижиг бизнесүүдийг дэмжихэд 250 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс өмнө Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0-ээс 0.25 хувийн хооронд хүртэл бууруулснаас гадна нийт 700 тэрбум ам.долларын хөрөнгийг эдийн засгийг тогтворжуулахад зориулж гаргахаар шийдвэрлээд байна. 

БНХАУ:

 

Хятадын Засгийн газар 570 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн төслүүдэд зарцуулах төлөвтэй байгааг Хятадын эдийн засгийн шинжилгээний байгууллага “PRC Macro”-аас мэдэгдээд байна.

Мөн коронавирусээс үүдэлтэйгээр хүнд цохилтод орсон бизнесүүдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Түүнчлэн эдийн засгийн өсөлтөө энэ онд хамгийн багадаа 5%-д хүргэхээр ажиллана гэдгээ Засгийн газар нь мэдэгдээд буй. 

ФРАНЦ:

 

Европын Засгийн газрууд коронавирусийн тахлаас болж дэлхийн эдийн засаг огцом унаж буй гүн хямралаас бизнес эрхлэгчид болон ажлын байрыг хамгаалахын тулд хоосон чек хүртэл бичиж байна. 

Францын Засгийн газар л гэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зуу зуун тэрбумын зээлийн баталгаа гаргаж, татвар шимтгэл, түрээсийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч байгаа.

Тухайлбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд Францын бизнесүүдийг дэмжихэд 50 тэрбум ам.долларын багц гаргаж байгааг Засгийн газар нь мэдэгдэв.

ИТАЛИ: 

 

Итал улсын Ерөнхий сайд коронавирусийн гамшигт нэрвэгдсэн эдийн засгаа аврахад 25 тэрбум евро буюу 27 тэрбум ам.доллар зарцуулах болсноо зарласан.

Тус улс өнөөдрийн байдлаар хамгийн олон иргэнээ COVID-19 халдварын улмаас алдаад байгаа билээ.

ХБНГУ:

 

Герман улс компаниудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс зээлийн баталгаанд дор хаяж 500 тэрбум евро буюу 550 тэрбум ам.доллар зарцуулахаа амлаад байна.

Тодруулбал, ажил олгогч, татвар төлөгч, баялаг бүтээгчдэдээ ямар нэгэн хязгаар тавихгүйгээр зээл олгохоо мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ татвар төлөлтийг хойшлуулахаар болсон юм.   

КАНАД:

 

Канадын Засгийн газар эдийн засгаа аврахын тулд 27 тэрбум ам.долларын багцыг ажил олгогч, бизнес эрхлэгчдэдээ зориулахаар шийсэн бол 55 тэрбум ам.долларын татварыг хойшлуулахаар болсноо Ерөнхий сайд Жастин Трюдо гуравдугаар сарын 18-нд мэдэгдэв. 

Түүнчлэн хөл хорионд орсон болон ажлын байраа алдсан иргэдэд 15 долоо хоногийн турш, долоо хоног бүр 450 ам.долларын халамж үзүүлэхэд зориулж 10 тэрбум долларын багцыг эхний ээлжинд гаргахаар болжээ.

ИСПАНИ:

 

Мягмар гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Испанийн Ерөнхий сайд 220 тэрбум долларын багц гаргахаа мэдэгдэв. Гол зорилго нь компаниудыг банкны өрийн дарамтад оруулахгүй байх ба үүний тулд чадах бүх зүйлийг хийхээ мэдэгдсэн. 

ИБУИНВУ:

 

Их Британийн Сангийн сайд компаниудад зориулж Засгийн газраасаа 410 тэрбум долларын зээл олгож дэмжихээр болсноо мэдэгдэв.

Ипотекийн зээл олгогчдын зүгээс мөн  халдвар авсан хүмүүсийн моргэйжийн зээлийг гурван сараар хойшлуулахаа мэдэгдсэн байна. 

БНСУ:

 

БНСУ-ын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын онцгой дэглэм бүхий энэ үед бизнесийн салбараа дэмжихэд 16 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн гэдгээ зарлаад байна.

Түүнчлэн гуравдугаар сарын төсвөө 5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр болсон. 

Тус улсын төв банк нь хөрвөх чадварыг сайжруулах хүрээнд 4.1 тэрбум ам.долларын тусгай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байна.  

ЯПОН УЛС:

 

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулж 15 тэрбум ам.долларын санхүүжилт гаргах боломжтой гэдгээ мэдэгсэн бөгөөд 4 тэрбумын багцыг шууд гаргах талаараа зарласан.  

ОУВС:

 

Олон Улсын Валютын сангаас дэлхийн улс орнуудад нэг их наяд ам.долларын зээл олгох боломжтой гэдгээ гуравдугаар сарын 16-нд мэдэгдсэн.

Ялангуяа, эхний ээлжинд 50 тэрбум ам.долларын яаралтай санхүүжилтийг хөгжиж буй орнуудад олгох боломжтой гэв.  

ДЭЛХИЙН БАНК:

 

Дэлхийн банк групп улс орнуудын эдийн засгийг тогтворжуулж, ажлын байрыг хамгаалахад туслахаар КОВИД-19-ын эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгож нэмэгдүүлэхээр болов.

Өмнө нь 6 тэрбум долларыг КОВИД-19 өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна. 

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК:

 

Азийн хөгжлийн банк хөгжиж буй орнуудад 6.5 тэрбум ам.долларын багцыг яаралтай тусламж шаардлагатай нөхцөлд зориулан гаргахаар болсон гэж гуравдугаар сарын 18-нд зарлаад байна. 

COVID-19-ийн халдвар гарсны дараа тус банк Монгол Улсад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулан 1.4 сая ам.долларыг олгоод байгаа билээ. 

ЕВРОПЫН ТӨВ БАНК:

 

Европын төв банк өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд 750 тэрбум евро буюу 820 тэрбум ам.долларын багцыг яаралтай гаргахаар болсноо зарлав.

Энэхүү мөнгийг Евро бүс дэх Грек, Итали зэрэг хүнд байдалд ороод байгаа Засгийн газрууд болон компаниудын өрийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөсөн талаар ЕТБ-ны тэргүүн Кристин Лагард мэдэгдээд байна.

“Энэ онцгой цаг үед Евро бүсийн эдийн засгийг дэмжихийн тулд бүхий л нөөц боломжоо ашиглана” гэдгээ тэрбээр хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.