Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар коронавирусийн гамшгаас эдийн засгаа аврахын тулд иргэн бүртээ $1,000 тараана

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин

Мягмар гарагийн орой Трампын засаг захиргаа шинэ коронавирусийн гамшигт нэрвэгдсэн эдийн засгаа аврах багц хөтөлбөрийн саналыг танилцуулжээ.

Нийтдээ $1 их наядыг эдийн засагт зарцуулах хөтөлбөрийн саналыг Конгресст батлуулахаар илгээж байгаа бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байгааг тус улсын сангийн сайд Стивен Мнучин мэдэгдсэн байна.

Хөтөлбөрийн нэг хэсэгт Америк хүн бүрт $1,000-ын чек илгээх санал багтжээ. Гэхдээ АНУ-ын иргэн бүр энэ мөнгийг авахгүй, жилдээ сая саяар орлого олдог хүмүүсийг алгасна гэдгээ Мнучин тайлбарласан байна.

Үүнээс гадна Америкийн иргэдийн $1 сая хүртэл, компаниудын $10 сая хүртэл дүнтэй татварын төлөлтийг 90 хоногоор хойшлуулах санал тусгагджээ.

Цагаан ордны саналыг яаралтай хэлэлцэж батлах хүсэлтэй байгаагаа Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчуудын ахлагч Мич Макконел илэрхийлсэн юм. Тэрээр Ардчилсан Намынхантай хамтран ажиллаж, хоёр намын хамтарсан хууль боловсруулж батлуулахаар төлөвлөжээ.

Трамп өөрийн засаг захиргааны боловсруулсан саналыг “маш том, маш зоригтой хөтөлбөр” гэж тодорхойлсон байна.

Коронавирусийн хямралд хамгийн том хохирогч болоод байгаа агаарын тээврийн салбараа аврахад $50 тэрбум гаруйг зарцуулах санал гарсан бол жижиг бизнесүүдийг дэмжихэд $250 тэрбумыг төлөвлөсөн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн аюулыг үл тоомсорлох хандлага гаргаж, үүнийхээ төлөө хэвлэл, олон нийтэд шүүмжлүүлж байв. Харин энэ долоо хоногоос эхлэн түүний байр суурь эрс өөрчлөгдөөд байна.

Тэрээр өчигдөр өглөө улс төрийн үзэл бодлын хувьд төдийгүй хувь хүнийхээ хувьд байнга зөрчилдөж байдаг Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомотой утсаар ярьж, коронавирусийн тахлын нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Нью Йорк нь Covid-19 хамгийн өндөр тархалттай байгаа АНУ-ын муж юм. Трамп утсаар ярьсныхаа дараа твиттер хуудсандаа захирагчийн ажлыг магтаад бүх нийтийн гамшигтай тэмцэх үйлсэд улс төржилт нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.