Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай үүргийн нислэгээр ирсэн бүх зорчигч болон нисэх багийнхан, мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгаарлагдсан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ авчраад байгаа билээ. Харин нислэгийн үеэр ямар дүрэм баримталсан, бүх зорчигчийг тусгаарласан эсэх талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Онцгой комиссийн шийдвэрээр гурван тусгай үүргийн онгоцоор гадаадын орноос иргэдээ авчрах шийдвэр гарсан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас Буянт-Ухаа боомт дээр тухайн рейсүүдийг хүлээж авах мэргэжлийн эрүүл мэндийн хяналтыг тавьж ажиллалаа.

2020 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд онгоц нисээд буцахдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлээс ОМ301, 302 гэсэн нислэг ирсэн.

Нислэгээр 244 зорчигч ирсэн. Зорчигчдод бүгдэд хяналт хийсэн. Түүнчлэн онгоцонд мэргэжлийн хяналт тавьж, эрүүл мэндийн тандалт хийх зорилгоор Улсын хоёр байцаагч ажиллаж ирсэн юм.

244 зорчигчоос 10-ыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д шилжүүлсэн, 50 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, 184 зорчигчийг Энх саран сувилалд ажиглалтад шилжүүлэн тусгаарласан байгаа. Нийт 244 зорчигчийг тусгаарлалтад орууллаа.

Нислэгийн багийн нийт 12 ажилтан, мэргэжлийн хяналтын хоёр байцаагч нийт 14 хүнийг ажиглалтад аваад тусгаарласан байгаа. Манай хоёр байцаагч ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд 14 хоног тусгаарлагдаж шинжилгээ өгч байгаа.

Энэ рейсээр тухайн үед COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байсан. Хэдийгээр тэнд хяналт хийж явсан ч эмнэлгийн байгууллагад шилжүүлсний дараагаар БНСУ-аас ирсэн хоёр иргэн шинжилгээгээр коронавирусийн халдвартай болохыг ЭМЯ мэдээлсэн.

Дараагийн тусгай үүргийн нислэг Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн ОМ136 нислэг.

2020 оны гуравдугаар сарын 16-ны  07:58 минутад буусан байгаа. 

Нислэгээр нийт 231 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчид бүгд тусгаарлагдсан. Нэг зорчигчийг ХӨСҮТ-д, 47 ажиглалтын зорчигчийг мөн ХӨСҮТ-д, 186 зорчигчийг "Амар" зочид буудалд шилжүүлсэн.

Нислэгийн багийн 9 хүнийг "Амар" зочид буудал тусгаарлаж, ажиглалтад оруулсан. 

Гадуур яригдаад байгаа шиг иргэдийг тээвэрлэн ирсэн хүмүүсийг тусгаарлаагүй гэдэг нь ташаа мэдээлэл юм. Бүх зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллага ЗӨСҮТ, ОБЕГ, ХӨСҮТ-тэй хамтран тусгаарлалтад оруулсан.

Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг зорчигчид манай байцаагч нар үзлэг хийх явцад халуунтай байсан. Эхний шинжилгээгээр 37.5 хэмийн халуунтай байсан бол давтан шинжилгээгээр 37.6 хэмтэй байсан учир халуунтай, хоолой өвдсөн гэсэн шинж тэмдэг эрүүл мэндийн хуудас дээр бичигдэж, яаралтай дуудлага өгөн ХӨСҮТ-ийн түргэний машинд арын хаалгаар шилжүүлэн тус эмнэлэгт хүргэсэн байгаа. Байцаагч нар тухайн халуунтай хүнийг илрүүлсэн.

Та бүхэн мэдэж байгаа эмнэлгийн шинжилгээний дүнгээр Берлинээс ирсэн энэ иргэнд эерэг гарч, коронавирусийн халдвар илэрснийг өчигдөр орой ЭМЯ мэдээлсэн. Ингээд хоёр нислэгээр ирсэн иргэдээс гуравт халдвар илэрсэн байгаа юм. Эдгээр иргэдийг эмнэлгийн хяналтад аваад, тусгаарласан гэж ойлгож болно.

2020 оны гуравдугаар сарын 16-ны дараагийн нислэг Токио-Улаанбаатарын ОМ520 нислэг.

Энэ нислэгээр 253 зорчигч ирсэн. Үүнээс 25 сэжигтэй зорчигчийг ХӨСҮТ-д, 56 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, 53 зорчигчийг Парк hotel,  76 зорчигчийг Наранбулаг, 46 зорчигчийг Жаргалантын сувилалд тусгаарлаад ажиглалтад авсан.

Нисэх баг болон үйлчлэгчийг Жаргалантын болон Энх саран сувилалд тусгаарлалтад авсан байгаа. Нийт 253 зорчигч, нисэх багийнхан бүгд ажиглалтад болон тусгаарлалтад орсон гэж ойлгож болно.

Онгоцонд халдвар хамгааллын дэглэмийн дагуу хяналт тандалт хийсэн байцаагч нар нэгдүгээр зэргийн хамгаалалтын хувцсаа өмссөн. Онгоцны үйлчлэгч нар амны хаалт, хамгаалах комбинзоныг өмссөн. Нислэгийн явцад бүх зорчигчийн амны хаалтыг 2 цаг тутамд сольсон. Сөүлийн нислэгийн үед хоол өгөөгүй. 

Харин Берлиний нислэгийн үед зааварчилгааны хүрээнд үйлчлэгч нар нэгдүгээр зэргийн хамгааллын хувцас өмсөж, маск зүүлгэж хяналтад авчирсан байгаа. 

Өнөөдрийн байдлаар гурван тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд бүгд тусгаарлагдаж, хяналтад орсон. Тусгаарлалтаас гадуур нэг ч хүн байхгүй. Эмнэлгийн хяналтад шилжүүлсэн учир цаашдын үйл ажиллагаа ХӨСҮТ болон ЭМЯ-ны хяналтад орж, эмчилгээ тусгаарлалтын үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож болно" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.