Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп коронавирусийн шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Цагаан ордонд хэвлэлийн хурал хийхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хүчтэй шүүмжилж байгаа тул коронавирусийн шинжилгээ өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.

Сүүлийн өдрүүдэд түүнтэй ойр байсан, нэг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дотроос Covid-19 вирусийн халдвар илэрсэн ч Трамп шинжилгээ өгөхөөс татгалзсаар байв. Тухайн арга хэмжээнүүдэд Трамптай хамт оролцсон хэд хэдэн хүн өөрийгөө тусгаарлах арга хэмжээ аваад байгаа.

Тэгвэл Дональд Трамп коронавирусийн шинжилгээг Баасан гарагт өгөөд хариуг нь хүлээж байгаагаа өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Шинжилгээний хариу 1-2 өдрийн дотор гарах бөгөөд одоогоор ерөнхийлөгчөөс ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

Цагаан ордон өчигдрөөс эхлээд АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тухайлбал Цагаан ордонд ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг шалгаж, өндөр халуунтай хүмүүсийг буцаах болсон байна.

Европын 26 улсаас ирэх бүх нислэгүүдийг 30 хоногийн хугацаатай хориглох шийдвэр гаргаад байгаа АНУ-ын засаг захиргаа Их Британи, Ирландын нислэгийг Даваа гарагийн шөнө дундаас эхлэн мөн хориглох болсноо өчигдөр зарлажээ.

Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп яагаад Европын хоригийн гадна Их Британийг үлдээх болсноо тодорхой тайлбарлаж чадаагүй юм.

Зарим хүмүүс түүнийг өөрийнх нь бизнесийн салбарууд байдаг улс орнуудыг онцгойлон харж үзлээ хэмээн сэжиглэж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.