Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадаас ирэх иргэд ОБЕГ-т төлбөрөө шилжүүлээгүй бол нислэг баталгаажихгүй"

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр эхний хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Хэвлэлийн хуралд Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, МИАТ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал Н.Ганболд нар оролцлоо. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/588990477781350/videos/263053468022331/

Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр БНСУ-аас иргэдээ татан авахтай холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилаа. Тэрбээр: 

ХААН банкны 5084538375 гэсэн Онцгой байдлын ерөнхий газрын данс байгаа. 

Энэ дансны дугаар бол гаднаас ирэх иргэд ирсэн хойгоо тусгаарлах байранд байрлах зардал хүлээн авах данс. ОБЕГ дээр уг зардлыг төвлөрүүлж байгаа. Яг одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн байгаа. 

Үүнээс 85 хүн нь БНСУ-аас ирэх иргэд байна. Энэ төлбөр бол 14 хоногийн хугацаанд Монголд тусгаарлах үед гарах байр, хоолны зардал. 

Бидний сонгож авсан байр бол зарим нь сувиллын зориулалттай, зарим нь цэргийн зориулалттай, казармын хэлбэр бол гурав дахь нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн зочид буудлууд байгаа.

Сувиллын зориулалттай байранд нэн тэргүүнд өвчтэй, өндөр настай, гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн зэрэг хүмүүсээ байрлуулна.

  • Сувиллын байрны үнэ хоногийн 50,000 төгөрөгөөр тооцсон. Үнийг гаргахдаа олон нөхцөл байдлаар судалж, дундаж ханшийг гаргаж ирсэн. 
  • Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн байрыг халдвар хамгааллын дэглэмд нийцүүлээд цөөн тоогоор хүмүүс байрлуулахаар болсон. Энд 40,000 төгрөгөөр байлгах юм.
  • 0-5 насны хүүхдүүдийг үнэгүй байлгана.
  • 6-15 насны хүүхдүүдийг 30,000 төгрөгөөр байрлуулахаар тооцоо.

Ийнхүү 14 хоногийн төлбөрөө иргэд дээрх данс руу илгээх ёстой. Гэвч БНСУ-аас ирэх хүмүүст төлбөр төлөхөд бэрхшээл гарч байна. Хэдийгээр ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт ирсэн ч тэр хүмүүстэй холбогдох утас жагсаалтад байхгүй. Өчигдрөөс ОБЕГ-т төлбөрийг хүлээн авах ажлын хэсэг байгуулсан. 

Зарим хүндрэлээс дурдвал,

  • АТМ-ээс төлбөр төлсөн байна. Тэгэхээр шилжүүлэг дээр хэний төлбөр орж ирж байгаа нь мэдэгдэхгүй. 
  • Нэг хүн 3-4 хүний төлбөр төлсөн байна. 
  • Мөн Солонгост байгаа хүний төлбөрийг төлөхдөө энд гүйлгээ хийж байгаа хүн өөрийнхөө нэрийг бичсэн байх жишээтэй. 

Үүнээс болоод тодорхойгүй байдал үүсээд байна.

Тиймээс 263554, 1800-1105, 318277 гэсэн утсаар холбогдоод ямар хүний төлбөрийг төлсөн мэдээллээ өгнө үү. Шаардлагатай бол ОБЕГ дээр ирж мэдээллээ баталгаажуулж болно. Тиймээс төлбөр төлсөн иргэд бидэнд хандаач ээ гэж хүсэж байна. 

Бидний тавьж байгаа бас нэг асуудал бол цагаан хэрэгсэл.

Өнөөдрийн байдлаар ирэх хүмүүс маань цагаан хэрэглэлээ ар гэрийнхнээрээ дамжуулан нэр хаягаа бичээд бидэнд авчирч өгөх санал тавьсан. Гэвч одоогийн байдлаар авчирч өгсөн хүн алга. Тиймээс өнөөдрийн зах зээлийн хамгийн доод ханшаар эрээн өнгийн ор дэрний хэрэгсэл 20,000, цэвэр цагаан хэрэгсэл 32,000 төгрөг байгаа тул бид урьдчилсан байдлаар 100 ширхгийг зээлээр аваад бэлтгэл хангасан. Тиймээс ар гэрийнхэн нь үүний төлбөрийг төлөх нь байна гэдгийг анхааруулъя.  

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд иргэдийг байрлуулах газруудыг үзэж танилцана. Өчигдөр ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн захиргааны байгууллага байруудыг үзээд явсан. Гэхдээ энэ удаагийн ажиллагаа бол иргэдийн хүсэлтээр зохион байгуулж байгаа гэдгийг хэлье. Тиймээс Шуурхай штабаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх хэрэгтэй.

Тушаал дотор Шуурхай штабаас гаргаж байгаа аливаа үүрэг, чиглэлийг Монгол Улс дахь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, ард иргэд дагаж мөрдсүгэй гэж заасан. Иймээс шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар бид ажиллаж байгааг ухамсарлаж ойлгоорой гэдгийг иргэддээ хэлье. 

Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ өдөр бүр 12.00 цагт мэдээлнэ. Үндэсний хэмжээнд бүх үйл ажиллагаа уялдуулах штаб юм гэлээ.  

Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг хангаж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохицуулалтыг хангахаар байгуулагдсан тус штаб гамшгаас хамгаалах албад, холбогдох яам агентлаг нийлээд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дараах гурван зорилтыг хэрэгжүүлэх юм байна. Үүнд:

  1. Гадаад улс орноос Монголдоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах үйл ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулна. 
  2. Тохиолдол бий болоход шинэ коронавирусийн эсрэг тэмцэх бэлэн байдал хариу арга хэмжээнийхээ салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Даваа гарагт Монгол Улсын Шадар сайдаар батлуулах. 
  3. Байгаа бүх нөөцийнхөө талаарх судалгааг гаргаж авна. Үүнд бараа материал, хөрөнгө хүч, ариутгалын бодисоос авахуулаад хүн хүч, машин техник гээд Монгол Улсын хэмжээнд байгаа бүх нөөцийн судалгааг тодорхой болгох. 

Халдварт өвчнөө санаатайгаар нуун дарагдуулаад, Монгол Улсад ирсний дараа бусдад халдварласан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн дагуу хорих ялтай гэдгийг иргэн бүрт тайлбарлаж гарын үсэг зуруулж, баталгаажуулж авч байгаа

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас ирээд заавал тусгаарлагдах үүрэгтэй. Холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцах үүрэгтэй. Тиймээс иргэдийн ар гэр мэдээллийг аваад ОБЕГ-тай төлбөр тооцоог хийхгүй бол иргэний нислэг баталгаажихгүй байх эрсдэлтэй.

Сөүлээс гадна Токио, Москва, Берлин, Истанбул хотод гацаад байгаа иргэдээ бид авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. 

Гадаад улсад байгаа иргэдийг Монгол Улсад ирэхэд COVID-19 зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах чиглэлдээр бид бүх ЭСЯ-тайгаа хамтраад ажиллаж байна. Гадаадад өвчний ямар нэг шинж тэмдэггүй иргэн өөрийн хүсэлтээр коронавирусийн шинжилгээ өгөхөд маш хүндрэлтэй. Ихэнх орон боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

Тийм учраас бид иргэн бүрээн сүүлийн 14 хоногт өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх талаар асуумж авч, гарын үсэг зуруулан баталгаажуулж авч байгаа. Уичр нь халдварт өвчнөө санаатайгаар нуун дарагдуулаад, Монгол Улсад ирсний дараа бусдад халдварласан нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хорих ялтай гэдгийг иргэн бүрт тайлбарлаж гарын үсэг зуруулж, баталгаажуулж авч байгаа" гэлээ. 

Гадаадаас ирэх иргэд ОБЕГ-т төлбөрөө шилжүүлээгүй бол нислэг баталгаажихгүйг тус газраас дахин анхааруулж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.