Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд оршуулгын газрын эзлэх талбай эрчимтэй нэмэгдэж байгааг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Иран улсын коронавирусийн дэгдэлтийн төв болоод байгаа Ком хотод оршуулгын газрын эзлэх талбай эрчимтэй нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ.

Иран өнөөдөр Хятад, Итали, Өмнөд Солонгос улсуудын хамт Covid-19 вирусийн тархалтад хамгийн их өртсөн улс болоод байна.

Тус улсын дэд ерөнхийлөгч Эшак Жахангири тэргүүтэй хэдэн арван улс төрчид коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бол шашны тэргүүн Аятолла Хаменигийн зөвлөх тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан халдварын улмаас нас барсан юм.

Сүүлийн үеийн мэдээллээр Ираны засгийн газар коронавирусийн дэгдэлттэй тэмцэх зорилгоор Олон Улсын Валютын Сангаас $5 тэрбумын тусламж хүсжээ.

Баасан гарагийн байдлаар энэ улсад халдварын тохиолдлын тоо 11,364 хүрч, 514 өвчтөн нас барсныг эрүүл мэндийн яам нь мэдээлсэн байна. Гэхдээ үүнийг нэлээд дарсан, бодит байдлаас зөрүүтэй тоо гэж гадаад ертөнцөд сэжиглэж байгаа.

Maxar Technologies сансрын технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургийг Вашингтон Пост сонин саяхан нийтэд үзүүлжээ.

Гуравдугаар сарын эхээр авсан зургийг өнгөрсөн оны аравдугаар сард авсан зурагтай харьцуулахад Ком хотын оршуулгын газрын нэг блок богино хугацаанд дүүрч, дараагийн блокт булшны нүх олныг  ухаж эхэлснийг харуулсан байна.

Шинэ блокт тус бүр 90 гаруй метрийн урттай хоёр урт нүх ухсан байгаагаас харвал нас барагсдыг оршуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, түргэвчилсэн арга хэмжээ авч байгааг харуулжээ.

2019 оны аравдугаар сард хиймэл дагуулаас авсан зураг.

 

2020 оны гуравдугаар сард хиймэл дагуулаас авсан зураг. 

 

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.