Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн гамшигтай холбогдуулан АНУ-д үндэсний хэмжээний онц байдал зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн дэгдэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улс орондоо үндэсний хэмжээний онц байдал зарлалаа.

Ингэснээр холбооны засгийн газрын хөрөнгө, нөөцийг гамшигтай тэмцэх үйлсэд зарцуулах боломж нээгдэж байгаа юм.

“Энэхүү үйлсэд холбооны засгийн газрын хүч чадлыг бүрэн дайчлахын тулд би өнөөдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна” гэж Цагаан ордны Роуз Гарденд болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп мэдэгджээ.

Онц байдал зарласны үр дүнд АНУ-ын мужууд, орон нутгийн захиргаад нийт $50 тэрбумын хөрөнгийг холбооны засгийн газрын сангаас коронавирусийн дэгдэлтийг зогсооход ашиглах боломж нээгдэж байна.

АНУ-ын эрүүл мэндийн яаманд алсын зайн оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг түргэвчлүүлэх эрх мэдлийг олгож байгаагаа Трамп бас зарлажээ.

Трампын мэдэгдлийн дараа урд өдөр нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нэг өдрийн дотрох хамгийн хүчтэй уналтыг үзүүлээд байсан АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones Industrial Average, S&P 500 индексүүд сэргэж, 9 орчим хувийн өсөлттэй хаагдсан юм.

Шинэ коронавирусийн дэгдэлттэй тэмцэхэд тулгарсан АНУ-ын хамгийн эмзэг асуудал нь оношлуурын хүрэлцээ, хангамж байв.

Жишээлбэл8 Өмнөд Солонгос улс өдөрт 10,000 хүнийг оношилж байхад АНУ даяар өнөөдрийг хүртэл ердөө 15,000 хүнийг оношлоод байгаа.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын нөөцөнд нийт 4 сая оношлуур бий гэсэн албан ёсны тоо бий. Тэгвэл өчигдөр Дональд Трамп хэлэхдээ сарын дотор 5 сая хүртэл тооны оношлуур нэмж нийлүүлэх, “drive-through” шинжилгээ буюу автомашинтайгаа шинжилгээ өгөх аргыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Оношлуурын тоо хангалтгүй байгаад өөрийг нь буруутгаж болох эсэхийг асуухад Трамп  “Огт үгүй. Би үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж хариулаад өмнөх засаг захиргааны үед бий болгосон дүрэм журам, зохицуулалтууд үүнд буруутай гэсэн юм.

Тухайлбал8 2014 оны Эбола вирусийн тахлын дараа Барак Обамагийн засаг захиргаа хангалттай арга хэмжээ аваагүй нь үүнд нөлөөлсөн гэж тэр тайлбарлажээ.

Европын 26 улсын нислэгийг 30 хоногийн хугацаанд хориглосон шийдвэрээ Трамп мэргэжлийн хүмүүсийн саналыг үндэслэл болгосон, олон мянган хүний амийг аврах чухал арга хэмжээ гэж тайлбарласан юм.

Тэр бас уг хоригийн гадна онцгойлон үлдээсэн Их Британи улсыг нэмж оруулах эсэхийг явцын дунд шийднэ гэж мэдэгджээ.

Өнөөдөр Их Британид коронавирусийн халдварын 800 гаруй тохиолдол бүртгэгдэж, ойрын үед болох байсан хөлбөмбөг, рэгбигийн тэмцээнүүдээ цуцлаад байгаа.

Хэдийгээр Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон хүмүүстэй ойр зайнд харилцсан нь батлагдсан ч Дональд Трамп шинжилгээ өгөхийг эсэргүүцсээр байсан юм. Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэр ойрын үед коронавирусийн шинжилгээ өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Флорида дахь эдлэндээ Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонарутай уулзсан Трамп халдвар авсан байж болзошгүй гэсэн сэжиг яригдаж байгаа.

Уг уулзалтад оролцсон Бразилын албаны хүн эх орондоо буцсаны дараа Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон юм. Бразилын ерөнхийлөгч Пүрэв гарагт шинжилгээ өгч, өчигдөр буюу Баасан гарагт хариу нь сөрөг гарсан тухай мэдээлсэн байна.

1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл АНУ-ын засаг захиргаа цөөн хэдэн удаа нийтийн эрүүл мэндтэй холбоотой үндэсний хэмжээний онц байдал зарлаж байв.

Тэдгээрээс хоёр нь тахалтай холбоотой байжээ. Хамгийн сүүлд 2000 онд ерөнхийлөгч Билл Клинтон “West Nile Virus” (Баруун Нил мөрний вирус)-ийн дэгдэлттэй холбогдуулан Нью Йорк, Нью Жерси мужуудад онц байдал зарлаж байв.

Өнөөдрийн байдаар АНУ-д Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон 1,700 гаруй хүн байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 41 хүрээд байна.

 

Эх сурвалж: Reuters, AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.