Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинаас өөр дархлааг дэмждэг зүйл дэлхий дээр одоогоор байхгүй учир АРИУН ЦЭВРИЙН ДЭГЛЭМ ЧУХАЛ

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 11
iKon.MN

"COVID-19 ба Дархлаа тогтолцоо" сэдвээр Даваа гарагт хийсэн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн бичлэгийг хүлээн авна уу.

ВИДЕО: (Энэхүү нэвтрүүлгийг Даваа гараг буюу Монгол Улсад COVID-19 бүртгэгдэхээс өмнө бэлтгэгдсэн гэдгийг анхаарна уу)

https://www.facebook.com/mongoltv/videos/139101790766191/?t=2

Зочдын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна. 

Улирлын томуугийн вакциныг 9, 10 дугаар сард хийлгэх нь тохиромжтой байдаг
 

"СОС МЕДИКА МОНГОЛИЯ" ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ А.ДАМБА-ЮҮРЭН

-Архаг хууч өвтэй мөн зүрх судасны өвчтэй хүмүүс энэ онцгой үед дэглэм сайн барьж эмээ таслалгүй уух, өөрийгөө тусгаарлах гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй.

-Томуугийн вакцин хийлгэснээрээ ханиад хүрэхгүй гэж ойлгоод байдаг. Гэтэл тухайн жилд гаргасан вакцин хамгийн түгээмэл байгаа 2-3 төрлийн вирусийн эсрэг л үйлчилнэ. Гэхдээ вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн хүнийг 70-75 хувьтай хамгаална.

-Баян-Өлгий аймаг бусад аймагтай харьцуулахад халдварт өвчлөл бага талаарх 2018 оны судалгаа байсан. Яг ийм шалтгаанаас үүдээд тус аймагт халдварт өвчний тохиолдолд бага байгааг тогтоосон судалгаа байхгүй. Гэхдээ хүн амын сийрэг байдал мөн шилжин явах хөдөлгөөн бага байдал зэрэг нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

-Томуугийн вакциныг 9,10 сард хийдэг нь вирус дэгдэхээс нь өмнө хийж дархлаа тогтоож байгаа явдал юм. 

Цоо шинэ төрлийн вакциныг гаргаж авахад ямар ч тохиолдолд 1.5-2 жилийн хугацааг зарцуулдаг
 

АШУҮИС-ИЙН ШУТГ-ЫН СУДЛААЧ МЭРГЭЖИЛТЭН, АУ-НЫ ДОКТОР, ДАРХЛАА СУДЛААЧ Д.МАНДАХНАРАН 

-Дэлхийн ихэнх хөгжсөн улс оронд ДЭМБ-ын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахад баримтлах дэглэмүүд гэж бий. Үүн дотор дархлаагаа дэмж гэсэн үг байхгүй байгаа. Ариун цэврээ сайн сахь, вирусийг биедээ оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.

- Вакцинаас өөр хүний биеийн дархлааг дэмжчихдэг тийм өвөрмөц зүйл бол байхгүй.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэхдээ баталгаатай бүтээгдэхүүнийг зааврын дагуу шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно. Шаардлагатай тохиолдлыг шинжилгээгээр тогтооно.

-Цоо шинэ төрлийн вакциныг гаргаж авахад ямар ч  тохиолдолд 1.5-2 жилийн хугацааг зарцуулдаг.

-Эбола вирусийн үед ашиглаж байсан ремдесивир урьтал эмийг Хятад улс коронавирусийн үед туршилтаар хэрэглэж байгаа. Тус эмийн туршилтын үр дүнгүүд хийгдэж байгаа байх. Үр дүнг нь зарлаагүй байна. Тухайн эм нь вирусийг олшруулдаг бодисыг гацаадаг эм гэж тайлбарлаж болно.

-Цар тахал гарсан энэ үед улс болон хувь хүний хувьд юу сурах ёстойг бодох хэрэгтэй. Бохир байвал халдварт өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Иймээс хувийн ариун цэврээ сахих энэ дадал зуршлыг цаашид ч авч үлдэх хэрэгтэй.

Монголд шинжлэх ухаан, бизнес хоёр арай хэтэрхий их холилдож, сүлбэлдэж байна
 

"ЗИНТ" КЛИНИКИЙН ХҮҮХДИЙН ЭМЧ, АУ-НЫ ДОКТОР Т.НАВЧАА

- Хүүхэд гэдэг жижигрүүлсэн том хүн биш бөгөөд бүх эрхтэн тогтолцоо нь гүйцэд хөгжөөгүй байдаг. Үүн дотор дархлаа тогтолцоо ч хамаардаг учраас хүүхэд олон өвддөг. Гэхдээ анагаах ухаанд сонирхолтой, гүйцэд судлагдаагүй зүйлс бий. Жишээ нь, салхинцэцэг, гахайн хавдар, улаанбурхан өвчнөөр хүүхэд насанд яагаад хамгийн хөнгөн өвддөг вэ, гэтэл эсрэгээрээ эдгээр өвчин туссан насан хүрэгчид яагаад маш хүндээр өвчилдөг вэ гэдгийг анагаах ухаан судлаад олоогүй байна. 

-АНУ, Канад, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орны аль ч эмнэлзүйн удирдамж дээр антибиотик эмчилгээтэй давхар пробиотик өгнө гэсэн зүйл одоогоор байхгүй.

-Суулгалтын ямар ч удирдамж дээр пробиотик өгөх заалт байхгүй. Зөвлөдөг ганц тохиолдол нь антибиотик шалтгаант суулгалт гэж бий. Энэ тохиолдол бол ховор. 

-3 сар, 6 сар, 9 сар антибиотик уудаг өвчнүүд байгаа. Эдгээр өвчний эмчилгээнд пробиотик болон мөөгөнцрийн эм өгдөггүй. Эрүүл хүнд пробиотик зөвлөөд байдаггүй.

-Монголд шинжлэх ухаан, бизнес хоёр арай хэтэрхий их холилдож, сүлбэлдэж байна.

-Ээдүүлсэн гашилгасан сүүн бүтээгдэхүүн болох тараг, ээдэм, бяслаг, ээзгий, өрөм зэргийг хэрэглэж байхад ашигтай бактериа авчихна.

-Хүүхдүүдээ цэвэр агаарт агаарт гаргаж тоглуулж хөдөлгөөнтэй байлгах нь чухал. Ингэхдээ элдэв амралтын газар, цанын бааз бус цөөхүүлээ байх шаардлагатай.

Бактерийн халдварын үед л антибиотик үйлчилнэ
 

АШУҮИС-ИЙН БИЧИЛ АМЬ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, АУ-НЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Ч.БАТТОГТОХ

-Амьсгалын дээд замыг гэмтээдэг 200 гаруй вирусийн хэв шинж байдаг. Насанд хүрсэн дархлааны тогтолцоо хэвийн хүн жилд 4-5 удаа, Хүүхэд бол үүнээс илүү олон удаа амьсгалын дээд замын өвчлөлд өртөх эрсдэлтэй.

-Ханиад хүрчихлээ гээд л антибиотик дураараа хэрэглэдэг муу жишээтэй орны нэг манай улс.

-Бактерийн халдварын үед л антибиотик үйлчилнэ.

-Вирусийн халдвар анхдагчаар амьсгалын дээд замыг гэмтээснээр амьсгалын дээд замд хэвийн үед байж байдаг бактерууд амьсгалын доод зам руу ороод ирэхээр ялангуяа хүүхдүүд хоёрдогчоор бактераар халдварлаж хүндрэх  явдал байдаг. Үүнээс сэргийлэх нь сайн юм байна гэсэн сургамж аваад антибиотик зөвлөөд байдаг.

-Вирусийн халдварын үед антибиотик хэрэглээд ямар ч нөлөө байдаггүй.

-Вирусийн халдварын үед антибиотик уулаа гээд гэдсэнд байгаа ашигтай бактерийг устгана. Ингэснээр хүний дархлааны тогтолцоог сулруулдаг болох нь тогтоогдсон олон тооны судалгаа байгаа.

-Хөгжилтэй улс орны эмч нарт тухайн хүний өвчлөл вирусээс үүдэлтэй юу бактераас үүдэлттэй юу гэдгийг оношилдог түргэвчилсэн оношлуур байдаг.

-Вируст халдварын үед вирусийн эсрэг эм хэрэглэдэггүй. Вирус аяндаа өөрөө эдгэдэг юм. Түүнийг эдгээдэг зүйл нь дархлаа тогтолцоо.

-Бактерийн болон вирусийн шинжилгээ хийх лаборатори өртөг өндөртэй учраас хөгжил буурай улсын эрүүл мэндийн тогтолцоонд ажиллаж байгаа эмнэлгийн салбарынхан маань яах ч аргагүй шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.

-Томуугийн вирус жилийн жилд дэгддэг. Иймд тухайн жилд вирусийн хувилбар нь юу вэ гэдгийг таадаггүй баримжаалж, дэгдэх магадлалтай вирусийг тооцоолж вакцин гаргадаг. Тооцоолол таарч болно таарахгүй ч байж болно. Тэгэхээр томуугийн вакциныг сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ 75%-ийн магадлалтай гэсэн үг.

-Коронавирус нь амьсгалын замын доод замыг шууд гэмтээж байгаа учир  уушгины үйл ажиллагаа алдагдана.

- Гараа савандаж угаасны дараа спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгах хэрэггүй. Гараа савандаж угаах боломжгүй үед спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа 30 секунтын турш үрж ариутгах хэрэгтэй. Угаах боломжтой бол энгийн савангаар сайн савандаж угааж болно.

- Гэртээ байгаа хатуу гадаргуут зүйлсийг халдваргүйжүүлэх бодисоор арчиж цэвэрлэх нь чухал. Мөн агаарын солилцоо хийх хэрэгтэй. Эмнэлгийн орчинд агаарыг бүрэн хаасан шүүх чадвартай N95 маск зүүх нь чухал.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.