Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-д 8, Жаргалантын аманд 10 хүн буюу нийт 18 хүнийг ажиглалтад авсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын анхны тохиолдолтой хавьтал болсон 123 хүнийг илрүүлэн тусгаарлах ажил зохион байгуулж буй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын "Бадрах Энержи" компанид тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарч шинэ коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр зарлаж байна. Батлагдсан энэ тохиолдол нь Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Бид сэжигтэй шинж тэмдэг эхэлснээс хойш хавьтлыг тодорхойлох тандалт судалгааг хийсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтал нийт 123 хавьтлыг илрүүлэн тусгаарлаж, тандалт, судалгаа шинжилгээ, эмчийн үзлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Харин 2020 гуравдугаар сарын 7-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Мөн өчигдөр буюу 2020 оны гуравдугаар  сарын 9-нд ХӨСҮТ-д дахин долоон хүнийг тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаагаас гадна ХӨСҮТ-д 8, Жаргалантын аманд 10 хүн буюу нийт 18 хүнийг ажиглалтад авсан байна" гэлээ.

Мөн тэрбээр "Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч иргэд маань сандрах хэрэггүй. Учир нь COVID-19 халдвартай дэлхийн 100 гаруй улс нэгэнт тулсан. Бид ямар арга хэмжээ авч, хэрхэн зохион байгуулах тал дээр сайн анхаарч ажиллана. Тиймээс иргэд сандарч, ажилд хүндрэл учруулахгүй байхыг сануулж байна. Бид тодорхой хавьтлуудыг ангилж, ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авч, эмчийн хяналтаа хийнэ.

Эхний ээлжид гарсан шинжилгээний хариуг ашиглаж, дараагийн ажлуудаа зохион байгуулна. Сураг сонсоод сандарч утасдаж байгаа нь ачаалал авч байгаа бидэнд улам дарамт болж байна” хэмээн онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.