Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад коронавирусийн сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан зочид буудал нуржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Зүүн өмнөд Хятадын Фужянь мужид өчигдөр орой коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан зочид буудал нурж олон арван хүн дарагдсан байна.

Өнгөрсөн шөнө дундын байдлаар тус мужийн Чуанжоу хотын Шинжя Экспресс зочид буудлын нурангинаас 43 хүнийг авраад байгаа тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Уг зочид буудлыг халдвартай хүмүүстэй ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, хянах зорилгоор ашиглаж байсан гэнэ.

Оройн 7:30 цагийн үед нуралт болсон байна. Одоогоор зочид буудалд нийт хэдэн хүн байсан, хүний амь үрэгдсэн эсэх зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байгаа юм.

Гэрчүүдийн мэдээлснээр зочид буудал нурах үед хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэнэ. Зургаан давхар буудлын нэгдүгээр давхарт олон дэлгүүр, үйлчилгээний газрууд байрладаг юм байна.

2018 оны зургаадугаар сард нээлтээ хийж байсан уг зочид буудал нь 80 өрөөтэй болохыг орон нутгийн сонин мэдээлжээ.

Нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаанд нийт 700 гаруй аврагч, эмнэлгийн ажилтнууд оролцож байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.