Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Зөвлөмж мессэжийг криллээр илгээвэл энгийн гар утас хэрэглэгчид унших боломжгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж оролцож, иргэдэд илгээж буй шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж мессэжүүдийн талаар мэдээлэл өглөө.

"Иргэдэд зөвлөмж, мэдээллийг гар утсаар нь дамжуулж хүргэх болон сурагчдын теле хичээлийг сурагчдад хүргэх ажлыг хариуцан ажиллаж байна.

Сүүлийн үед иргэдээс "ЭМЯ-наас ирүүлж байгаа мессэжийг крилл үсгээр ирүүлэх боломж байна уу" гэх санал, хүсэлт ирж байгаа. Монгол Улсын хэмжээнд 3.3 сая ухаалаг утас хэрэглэгч байгаа бол 1 сая орчим энгийн утас хэрэглэгч бий. Мессэжийг криллээр илгээсэн тохиолдолд энгийн гар утас хэрэглэгчид мессэжийг уншиж таних боломжгүй байгаа учраас латинаар илгээж байна.

Гуравдугаар сарын 4-ний байдлаар үүрэн телефоны дөрвөн оператор компани иргэдэд давхардсан тоогоор 81 сая мессэжийг хүргээд байгаа бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 1.8 тэрбум төгрөг болох хэдий оператор компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй хүргэж байгаа.

Өчигдрөөс мессэжийн агуулга шинэчлэгдэж гадаад улсаас ирсэн, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө хэрхэн тусгаарлах талаар агуулгыг хүргэж эхэлсэн.

Теле хичээлийг IPTV-н видео санд байршуулсан бөгөөд үнэгүй үзэх боломжтой. Мөн econtent.edu.mn вэб сайтад бүх хичээлийг байршуулсан. Тус сайт руу гар утаснаас хандахад дата унахгүй байх зохицуулалт хийсэн" гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.