Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын кино урлагт Умард Солонгосыг гутаан доромжилж байгааг шүүмжилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Умард Солонгосын албан ёсны хэвлэл улс орныг нь доромжилсон, нэр хүндийг нь гутаасан агуулгатай дэлгэцийн бүтээлүүд гаргаж байгаа Өмнөд Солонгосыг шүүмжилжээ.

Редакцийн нийтлэлд аль нэг бүтээлийн нэрийг дурдаагүй ч сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулсан “Crash landing on you” телевизийн цуврал, “Ashfall” уран сайхны кинотой холбоотой болох нь тодорхой байна.

“Сүүлийн үед Өмнөд Солонгосын эрх баригчид болон уран бүтээлчид манай улсын эсрэг суртал нэвтрүүлэг болгох зорилгоор худал хуурмаг, ёс зүйгүй, бохир агуулгатай кино, цувралуудыг гаргах боллоо” гэж тус нийтлэлд шүүмжилжээ.

“Ashfall” кинонд Умард Солонгосын нутагт байдаг солонгос үндэстний шүтээн Пэктү галт уул гэнэт идэвхжиж, аюул учруулж байгааг дүрсэлдэг.

Аюулыг зогсоохын тулд Өмнөд ба Умард Солонгосын армийн хоёр офицер хамтран ажиллаж байгааг харуулдаг юм. Тэд цөмийн бөмбөгийг Пэктү уулын гүнд дэлбэлснээр байгалийн гамшгаас сэргийлж чаддаг байна.

Уг кинонд газар хөдлөлтөд сүйрсэн Умард Солонгосын тосгон суурингуудыг харуулдгаас гадна Пёньян хот дахь эрх баригч намын төв байр нурж байгааг үзүүлдэг нь асуудал үүсгэсэн бололтой.

Үүнээс гадна Пэктү уулыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Илийн төрсөн газар гэж үздэг нь үүнд нөлөөлсөн байна.

“Crash landing on you” хайр дурлалын сэдэвтэй цувралд Өмнөд Солонгосын хөрөнгөтөн гэр бүлийн өв залгамжлагч бүсгүй шүхрээр (параглидинг) нисэж яваад санамсаргүй Умард Солонгосын нутагт газардсан тухай гардаг.

Түүнийг Умард Солонгосын армийн офицер аварч, тэдний хооронд хайр дурлалын түүх өрнөдөг юм. Уг бүтээлд Умард Солонгосын иргэдийн амьдралыг үнэмшилтэй дүрсэлсэн гэж тус улсаас дүрвэж ирсэн хүмүүс магтсан байдаг.

Мөн зарим Өмнөд Солонгосчууд коммунист дэглэмтэй энэ улсыг хэтэрхий гоёчилж дүрсэлсэн гэж шүүмжилж байжээ.

Умард Солонгосын хэвлэлд гарсан нийтлэлд “Солонгос үндэстний хуваагдлын эмгэнэлт түүхийг зугаа цэнгээний сэдэв болгон ашиглах нь хүнлэг бус явдал” гэж шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News, BBC