Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хэмжээг хоёр пунктээр буулгах хүсэлт тавьжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ-аас баталсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд уг тогтоол батлагдсанаас хойш авсан арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.  

-Оюутолгойн гэрээг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явна вэ. Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суусан уу?

-Хэлэлцээрийн ширээний ард хараахан суугаагүй байна. Энэ ажлыг Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж байгаа. Сайд нар өөрсдийн чиг үүргийн дагуу асуудлаа хуваарилж аваад ажиллаж байна. 

Оюутолгойн гэрээг сайжруулж, Монголын талд үр өгөөжтэй зүйл авчрах шаардлага зайлшгүй бий. Тавантолгой өнөөдөр төрд байгаагаараа ямар олон давуу талыг бий болгож байгааг бид бодитоор харж байна. Зүүнбаян, Гашаансухайтын төмөр замыг тавьж, Тавантолгойн түлшээ шийдээд явж байна. Иргэддээ 96 мянга хүртэл төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болоод байна. Энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжээд явбал үүнээс илүү өгөөжтэй байна гэдэг нь харагдаж байгаа.

Түүний нэгэн адилаар Оюутолгой юу болж байна вэ гэдгийг харьцуулаад харах хэрэгтэй. Энэ бол намын бүлгүүд, УИХ-аар оруулаагүй, Засгийн газраас тогтоол гаргаагүйн алдаа. Тийм учраас томоохон төсөл, хөтбөрүүдийг улс төрийн намуудын бүлгээр хэлэлцүүлж, Засгийн газраар тогтоолоо оруулж албажуулж, Их хурал, байнгын хороогоор дахин дахин оруулж байж алдаа оноогоо засаж залруулж явах нь зөв юм. 

-Монголын талын 34 хувийг хэрхэх вэ?

-34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байгаа. Зардлын хэтрэлтийг багасгах хэрэгтэй. Ялангуяа Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байна. ТУЗ-д юмаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг олон түмнээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. 

-Энэ Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг сайжруулж амжих уу? 

-Боломжтой гэсэн хувилбаруудаа бид явуулах хэрэгтэй. Ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтын уулын ажлын төлөвлөгөөнд асуудал үүссэн. Хөрсний бүтэц нь анх тооцоолж байснаас зөрсөн. Өөрөөр хэлбэл, чулуулгийн бүтэц өөрчлөгдсөн учраас ирээдүйд гүний уурхайн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл, аюул осол дагуулж мэдэх нь гэдэг дүгнэлт гарсан.

Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг дахин хийж байгаа. 2020 оны зургаадугаар сар гэхэд урьдчилсан байдлаар ТЭЗҮ гараад, тооцоолол нь бэлэн болно. ТЭҮЗ-тэй холбоотойгоор уулын ажлын нөхцөл, гео техниктийн нөхцөлтэй холбоотой ажил яах аргагүй нэг явж болно.

Түүнээс өмнө татварын асуудал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувь хэмжээг бууруулах асуудлыг тавина. Лайбор+6.5 хувь гэхээр бараг 10 хувь болчихоод байгаа юм. Тиймээс 6.5 хувийг хоёр пунктээр буулгаж өгөөч гэдэг хүсэлт тавиад байгаа. Хэрэв хоёр пунктээр буучихвал бидэнд давуу тал бий болно.