Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэн: Сүү, сүүн бүтээгдэхүүн болон зарим хүнсний ногооны импорт буурсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 халдвар гарсантай холбогдуулан боомтуудад хорио тогтоосноор экспортын хэмжээ буурч байгаа.

Хорио тогтоосон нь импортод хэрхэн нөлөөлж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.

- Нэгдүгээр сард экспорт 20 гаруй хувиар буурсан дүнтэй байсан. Хорио тогтоосонтой холбоотойгоор хоёрдугаар сард мөн буурсан байх?

- 2020 оны нэгдүгээр сард экспорт 20 гаруй хувиар, импорт 6.1 хувиар буурсан дүн гарсан. Хоёрдугаар сарын статистик эцэслэж гараагүй байгаа учраас 26-ны өдрийн байдлаар буюу урьдчилсан байдлаар мэдээлэл өгье.

Нийт экспортын 90 орчим хувийг долоон нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс цайрын хүдэр, молбедины экспорт өнгөрсөн оны мөн үетэй ижил дүнтэй байна. Өсөлт, бууралт гарсан таван эрдэс бүтээгдэхүүнийг харвал,

 

Экспортыг бүрдүүлэгч голлох бүтээгдэхүүнүүд

2019 оны эхний хоёр сарын байдлаар

2020 оны хоёрдугаар  сарын 26-ны байдлаар

1.

Жонш

69.1 мян.тн

80 мян.тн

2.

Төмрийн хүдэр

1.1 сая.тн

1.3 сая.тн

3.

Зэсийн баяжмал

229 мян.тн

181 мян.тн

4.

Чулуун нүүрс

4 сая.тн

2.7 сая.тн

5.

Түүхий нефть

1 сая баррель

287 мян.баррель

Нийт дүнгээр нь харвал экспорт буурсан дүнтэй байгаа.

- Импорт мөн буурсан уу, хүнсний бүтээгдэхүүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Мэдэгдэхүйц өсөлт, бууралт гарсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

  • Тэжээвэр шувууны мах, дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглосон нь нийт импортын дүн буурахад бага зэрэг нөлөөллөө.
  • Сүүн бүтээгдэхүүн/өтгөрүүлсэн сүү, иогурт, хуурай сүү, цөцгий/-ийг өнгөрсөн оны эхний хоёр сартай харьцуулахад 298 тонноор буурсан дүнтэй байгаа.
  • Хүнсний ногоо тэр дундаа сонгино, сармисны импорт нэлээн буурсан. мөн байцай их хэмжээгээр импортолдог бөгөөд өмнөх оны мөн үеэс 263 тонноор буурсан үзүүлэлттэй байгаа.
  • Төрөл бүрийн жимс, тэр дундаа жүржийн төрлийн, амтат гуа, алим лийр, хатаасан жимсний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурлаа.
  • Элсэн чихрийн импорт нэлээн өслөө.
  • Бүх төрлийн будааны импорт бага зэрэг өссөн.
  • Ургамлын тос мөн өсөлттэй байна.

Хүн амын өсөлттэй холбоотойгоор жил тутам импортын хэмжээ өсөж байгаа.

- Импорт буурсан бүтээгдэхүүнүүдийг харвал дотоодоосоо хангах боломжтой харагдаж байна. Энэ тухайд?

- Сүү, сүүн бүтээгдэхүүн, зарим хүнсний ногоог дотоодоосоо хангах бүрэн боломж манай улсад бий. Нийт 70 сая малын маань 60-70 хувийг нь саах, сүү авах боломжтой. Тэгэхээр энэ нөхцөлд сүү, цагаан идээнийхээ үйлдвэрлэл, хүнсний ногооны тариалалтаа нэмэгдүүлэх, дэмжих хэрэгтэй байна.

Импорт нь буурсан сонгино, сармис, байцайг манай улс дотооддоо тариалах бүрэн боломжтой.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарч, зарим төрлийн импорт буурч байгаа нь манай улсын дотоодоосоо хангах боломжтой бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг тодотгон харуулж байна.

- Сүүлийн таван жилийн статистикийг харвал дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн импорт ингэж буурч байсан тохиолдол бий юу?

- Байхгүй. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд экспорт, импорт жил тутам нэмэгдэж, гадаад худалдааны баланс эерэг гарч байгаа. Эерэг гэдэг нь экспорт импортоосоо илүү гэсэн үг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.