Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор хийсэн ХЯЗГААРЛАЛТУУД

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 27
iKon.MN

Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио тогтоосон салбар, үйлчилгээний байгууллага, иргэдийн урсгалыг хязгаарласан мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Шинээр гаргасан шийдвэр:

НЭГ. Япон, Монголын хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр зогсоолоо. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Хугацаа, цагийн хувьд өөрчлөлт орсон газрууд:

ХОЁР. Бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглоод байсан бол гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

ГУРАВ. Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнес, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоов. 

Энэ хугацаанд кафе, рестораны үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрч буй.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДӨРӨВ. Нийслэл дэх 321 сүм, хийдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл бүрэн хаав.

 
Гэрэл зургийг mpa.mn

ТАВ. Нийтийн тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 24-26-нд зогсоогоод байсан бол НОК-ийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 3-ны ѳдѳр хүртэл цагийн хуваарийн тусгай зохицуулалттайгаар явуулахаар боллоо. 

 
Гэрэл зургийг mpa.mn

ЗУРГАА. Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-н хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан бол уг хугацааг сунгаж, 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан. 

 
Гэрэл зургийг MPA.mn

ДОЛОО. Нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихгүй.  

 
Гэрэл зургийг MPA.mn

НАЙМ. Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын боомтоор Хятад руу зорчих монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэмийг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгаад байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn


ЕС. Онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэхээр болсон байсан ч нөхцөл боломж хангагдаагүй хэмээн үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

АРАВ. БНСУ,  Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал түр зогсоогоод байсан бол уг хугацааг сунгаж, гуравдугаар сарын 11-нийг дуустал зогсоохоор өөрчлөв.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.