Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш бол хот руу оруулах өөр ямар ч арга байхгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар цаг үетэй холбоотой хэд хэдэн зүйлийг анхааруулсан юм. 

Тэрбээр "Засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дотор илүүц зүйл гэж байхгүй. Нус цэрээ хаяхгүй байх, ил задгай газар бие засахгүй байх захирамжийн хүрээнд 6,000 орчим эргүүл гарч ажиллаж байна. Иргэдэд шаардлага тавихад зарим нь үл ойшоож байгаа хандлага байна гэнэ. Иймд иргэдийгээ ухамсартай байгаад шаардлага хүлээж авахыг хүсэж байна.

Дараагийн асуудал нь айлаар зорчихгүй байх явдал. Өвчний тархалт өндөртэй үед эрсдэл дагуулна гэдгийг дахин сануулж байна.

 

Зам хаасантай холбоотойгоор маш их чирэгдэл үүсэж байгаа юм байна. Ажлаасаа чөлөө аваад орон нутаг руу явсан иргэд замдаа явж байхад нь зам хаагдсан орж чадахгүй байна гэх мэт асуудлууд үүсэж байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш бол оруулах өөр ямар ч арга байхгүй. Гуравдугаар сарын 3-ны 08:00 цагт зам нээгдэнэ. Хязгаарлалттай үед өглөөний 06:00 цаг болон 20:00 цагийн үед буюу ажил днэхэлж, тарах цагтай холбоотойгоор нийтийн тээврийн тоо нэмэгдэж, өдрийн цагаар нийтийн тээврийн тоо харьцангуй цөөн гарна" гэв. 

Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал "Сайжруулсан түлшний үйлдвэрлэл хэвийн горимоор үргэлжилж, борлуулалт тээвэрлэлт хэвийн байгаа. Сар шинийн өдрүүдэд бүх цэгүүд түлштэй байсан. Хомсдол үүсээгүй. Үүн дээр 20 ачааны автомашинаар явуулын борлуулалт хийсэн" гэдгийг хэллээ.