Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос дахь Самсунгийн гар утасны үйлдвэрт коронавирусийн халдвар илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Гуми хот дахь гар утасны үйлдвэрт нь коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсэн тухай Самсунг Электроникс компани Бямба гарагт мэдээлжээ.

Үүний улмаас үйлдвэрийг бүхэлд нь Даваа гарагийн өглөө хүртэл хаахаар болсон байна. Халдвар авсан ажилтны ажилладаг давхрыг Мягмар гараг хүртэл битүүмжлэхээр болжээ.

Гуми дахь Самсунгийн үйлдвэр бол зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд зориулсан өндөр үнэтэй гар утаснуудыг үйлдвэрлэдэг жижиг хэсэг юм. Тус компанийн гар утас үйлдвэрлэлийн ихэнх хэсэг Вьетнам, Энэтхэг улсуудад байдаг.

Гуми хот нь коронавирусийн тархалтын шинэ төв болоод байгаа Дэгү хоттой ойрхон байрладаг юм.

Сүүлийн өдрүүдэд Covid-19 вирусийн тархалт Хятадад буурсан ч Өмнөд Солонгос тэргүүтэй дэлхийн хэд хэдэн оронд эрчимжээд байна.

Өчигдөр Өмнөд Солонгост халдварын тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 433 хүрсэн юм.

Шинээр бүртгэгдсэн 229 тохиолдлын 200 нь Дэгү хот болон түүний ойр орчмоос илэрсэн байна. Нас барсан хүний тоо гурав болж, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Сэ Кюн коронавирусийн тархалт тус улсад онц аюултай түвшинд шилжсэнийг Баасан гарагт зарласан байна.

Бямба гарагийн өглөөний байдлаар нийт 352 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр өвчтөн нас бараад байгаа Дэгү хот, түүний дагуул дүүргүүдийг Өмнөд Солонгосын засгийн газар “тусгай удирдлагын бүс” болгон зарласан юм.

2.5 сая оршин суугчтай Дэгү хот нь Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.