Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Володимир Зеленский: Украин бол Дундад зууны Европ юм байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт шинэ коронавирусийн тархалтын төв болсон Хятадын Ухань хотоос Украин улсын засгийн газар өөрийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Гэвч тэдгээр иргэдийг онгоцноос буулган 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар төлөвлөсөн эмнэлэгт хүргэх үед нутгийн иргэд ширүүн эсэргүүцэл үзүүлж, цагдаа нартай мөргөлдсөн байна.

Украины төв бүсийн Новый Санжары тосгоны оршин суугчид аюулт вирус тархахаас айж, халдварын голомтоос ирсэн иргэдийг хүлээж авахаас татгалзаж байв. Тосгоныхон эхлээд ирэгсдийг тусгаарлах эмнэлэг хүргэх замыг хаасан байна. Цагдаа нар замд тавьсан хаалт саадыг зайлуулахын тулд байлдааны хуягт тэрэг ашиглажээ.

Дараа нь Ухань хотоос ирэгсдийг тээвэрлэж явсан автобус руу тосгоныхон чулуу, мод шидсэний улмаас автомашинууд эвдэрч, арав гаруй цагдаа гэмтсэнээс дөрвийг нь эмнэлэгт хүргэсэн байна.

Ухань хотоос Украины 45, бусад улсын 28 иргэн тусгай үүргийн нисэх онгоцоор ирсэн юм.

Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 

“хүнлэг” байхыг иргэддээ уриалж байсан ч үр дүнд хүрээгүй байна.

Өчигдөр тэр ард түмэндээ хандаж дахин үг хэлэхдээ “Бид өөрсдийгөө Европын нэг хэсэг гэж үргэлж ярьдаг. Өчигдрийн үйл явдлыг хараад үнэндээ бид Дундад зууны Европт байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.