Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын кино Оскарын шагнал хүртсэнд дургүй байгаагаа Дональд Трамп илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Оскарын шагналын гол дуулиан нь Өмнөд Солонгосын найруулагчийн бүтээл “Parasite” байсан билээ.

Уг бүтээл нийт дөрвөн төрөлд шагнал хүртсэний дотор оны шилдэг киноны шагнал байв.

Жил бүрийн Оскарын шагнал гардуулах ёслолын дараа гол шагналыг хүртсэн бүтээл шүүмжлэл дагуулдаг.

Тэгвэл энэ жилийн шагналын эзнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилжээ. Гэхдээ тэр энэ киног үзээгүй тул бүтээлийн чанарын асуудал яриагүй байна.

Харин АНУ-Өмнөд Солонгосын худалдааны тэнцвэргүй байдал, Америкийг нэгдүгээрт тавих үзэл нь “Parasite” киног шүүмжлэхэд хүргэжээ.

Дональд Трамп өчигдөр Колорадо мужид сонгогчидтойгоо уулзахдаа “Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслол ямар муу үр дүнтэй болов оо? Ялагч нь Өмнөд Солонгосын кино! Ямар чөтгөр нь болоод байна аа? Бид гадаад худалдаан дээрээ Өмнөд Солонгостой хангалттай олон асуудалтай. Гэтэл үүн дээр нэмээд оны шилдэг киноны шагналаа өгчихлөө. Энэ тийм сайн зүйл үү? Би хэлж мэдэхгүй байна” гэж ярьсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгчид шүүмжлүүлсэн ч Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хогийн “Parasite” кино тун амжилттай байгаа юм. Уг бүтээл дэлхийн кино театруудаас өнөөдрийн байдлаар $200 гаруй саяын орлого олоод байгаа нь $11 саяын зардлаа бараг 20 дахин нугалсан үзүүлэлт ажээ.

 

Эх сурвалж: CNET