Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Камбожийн ерөнхий сайд “Westerdam” хөлгийн зорчигчдыг цэцэг барин угтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Азийн таван улс орон хүлээж авахаас татгалзсаны дараа 14 хоног далайд хөвсөн Нидерландын “Westerdam” аяллын хөлгийн зорчигчид өнөөдөр Камбож улсын эрэгт буужээ.

Нийт 1,455 зорчигч, 802 ажилтантай хөлөг өчигдөр орой Камбожийн Сихануквилл боомтод ирж зогссон юм. Камбожийн эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд хөлөг дээр анхан шатны үзлэг шалгалт хийсний эцэст өнөөдөр буулгасан байна. Зорчигчдын дотор коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүйг Камбожийн эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Зорчигчдыг Камбожийн ерөнхий сайд Хун Сен баглаа цэцэгтэй угтаж авсан байна.

“Камбож ядуу улс ч гэсэн олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч болохоо харууллаа. Хэрвээ манай улс хүлээж аваагүй бол энэ хөлөг хаана хүрэх байсан бэ? Энэ хүнд цаг үед асуудлыг шийдэхийн тулд бүгд эв нэгдэлтэй байх ёстойг би Камбожийн иргэдэд төдийгүй, дэлхий нийтэд харуулмаар байна” гэж тэр мэдэгджээ.

Бээжингийн талыг хүчтэй баримтлагч гэгддэг Хун Сен коронавирусийн гамшигтай холбоотойгоор Хятад руу хийдэг шууд нислэгээ зогсоогоогүй юм. 

Тус улсад шинэ вирусийн ганцхан халдвар бүртгэгдсэн нь Хятадын жуулчнаас илэрсэн байна. Дарангуйлагч гэж өрнөдийнхөнд шүүмжлүүлдэг Хун Сен Камбожийн засгийн эрхийг сүүлийн 35 жил барьж байгаа юм.

Гэсэн хэдий ч “Westerdam” хөлгийн зорчигчид өнөөдөр дуу нэгтэйгээр Камбожийн засгийн газарт талархлаа илэрхийлцгээжээ.

Тус хөлгийг боомтдоо нэвтрүүлэхээс Япон, Филиппин, Тайвань, Тайланд улсууд болон Гуамын арлын захиргаа татгалзсан юм. АНУ-ын газар нутагт тооцогддог Гуамын арал хүлээж аваагүй байхад ядуу дорой Камбож улс гараа сунгасанд тус хөлөг дээр аялж явсан Америкчууд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мөн Камбожийн эрх баригчдын шийдвэрт талархаж, тус улсыг эв нэгдлийн жишээг дэлхий дахинд үзүүллээ хэмээн магтсан байна.

“Westerdam” хөлгийн зорчигчид одоо тусгай үүргийн нисэх онгоцоор Камбожийн нийслэл Пном Пен хотод хүрсний дараа цааш өөр өөрийн эх орныг зорих юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.