Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантогтох: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2678986405530632/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагт шинэ коронавирусийн халдварын тоо 3,977, нас баралт 120, эдгэрэлт 1,194 тохиолдлоор тус тус нэмэгджээ" гэв.

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон" гэлээ.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.

Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд л түр хязгаарлалт хийгээд байна. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.

Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" хэмээв.

Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд: 

  • Эрүүл мэндийн яам-323002
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.