Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын нүүрсний экспорт зогсож, зэсийн үнэ унаснаас болж төсөвт нэг их наяд төгрөгийн хохирол учрахаар байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
 
Mpa.mn

“Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан авах эдийн засгийн арга хэмжээ" сэдвээр Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

Тэд коронавирусийн дэгдэлтээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчидтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

"Төсөв хөрөнгөө хэмнэж, хямралыг даван туулахад иргэддээ хөнгөлөлт болох зүйлд зарцуулах хэрэгтэй"

 
Mpa.mn

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Коронавирусийн асуудал монгол хүн бүрийн амьдрал, эдийн засагт хурцаар нөлөөлөх нь. Гэхдээ ямар хугацаагаар нөлөөлөх нь тодорхой биш байна. Тиймээс Монгол Улс онцгой нөхцөл гэж үзэн арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Нэгдүгээрт, УИХ-аас онцгой нөхцөл байдал, хямралаас сэргийлэх арга хэмжээ авах тусгай хөтөлбөрийг яаралтай батлах хэрэгтэй.

Хоёрдугаарт, хоёрхон сарын өмнө баталсан улсын төсөв өнөөдөр хэрэгжих боломжгүй болсон буюу 2020 оны сонгуульд зориулж баталсан төсөв онцгой нөхцөл байдалд тохирохгүй учир төсвийн тодотгол яаралтай хийх шаардлага тулгарчээ.

Учир нь 2020 онд сонгууль угтуулж, хөрөнгө оруулалтын зардлыг 119 хувь нэмсэн ба үүнийгээ танах хэрэгтэй.

Тухайлбал, өнөөдрийн ийм онцгой нөхцөл байдлын үед 51 суманд олон зуун тэрбум төгрөгөөр соёлын төв барих хэрэг байна уу. Архангай аймгийн хэдхэн сумын оюутнуудад зориулж Хан-Уул дүүрэгт дотуур байр барих гэж байгаа нь нэн тэргүүний асуудал мөн үү.

Чингис хааны цогцолбор музейг 60 тэрбумаар барих гэж байгаа нь яг аминд тулсан асуудал уу. Эдгээр зүйлд зарцуулах төсөв хөрөнгөө хэмнэж, хямралыг даван туулахад иргэддээ хөнгөлөлт болох зүйлд зарцуулах хэрэгтэй гэдгийг ХҮН-аас зөвлөж байна.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь бизнес эрхлэгчдээс эхлээд цалин авч байгаа хүмүүст үргэлж дарамт болдог. Тэгвэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хүртэл хөнгөлөх боломж бий.

Иргэдэд учирч байгаа эдийн засгийн дарамтыг арилгах үүднээс энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын нүүрсний экспорт зогсож, зэсийн үнэ унасан байна. Үүнээс болоод нэг их наяд төгрөгийн хохирол улсын төсөвт шууд учрахаар байгаа юм.

Хэрэв үр ашиггүй, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг багасгаж чадвал 500 тэрбум байтугай төсвийн нөөц Монгол Улсад бий” гэлээ.

"Бид тооцоололтойгоор зөвлөмжүүдээ гаргасан"

 
Mpa.mn

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл “Улс төрийн хүчин, шийдвэр гаргагчид ард иргэдийнхээ амьжиргаа, сайн сайхан байдлыг хангахын тулд зөв бодлого боловсруулахаар гарч ирсэн.

Гэвч cүүлийн жилүүдэд улсын төсвийг ихэвчлэн хэт өөдрөгөөр төсөөлж нэг их наяд төгрөгийн алдагдалтай байсаар иржээ. Тэр утгаараа өнөөгийн байдлаар Засгийн газрын төлөх ёстой өрийн хэмжээ өндөр, төсвийн алдагдал их байгаа буюу 2020 онд хоёр их наяд төгрөг байхаар тооцсон.

Бид коронавирусийн халдварын онцгой нөхцөл байдал үүсэхээс өмнө эдийн засаг, төсөв дээрээ оновчтой, зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр нүүрний экспорт зогсож, манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болсон учраас бид зөв бодлого явуулахаас өөр аргагүй болж байна.

Сонгуулийн жил гээд бүрдэж байгаа төсвийн жоохон орлогоо тооцоогүйгээр, оновчгүйгээр цацах боломж Монгол Улсад байхгүй. Бид тооцоололтойгоор зөвлөмжүүдээ гаргасан. 

Шийдвэр гаргагчид бидний гаргаж буй зөвлөмжийг дэмжээд өгвөл зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр зогсохгүй төгрөг сулрах, валют чангарах эрсдлээс хамгаалж чадна” гэв.

"Зэс тонн нь цаашид 5,000 долларт хүрэх хандлага байна"

“Монгол Улсын экпортын орлогын 90, төсвийн нийт орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.

Уул уурхайд хэрэглэгддэг тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн өндөр татвар төлдөг. Гэвч энэ татвараас төсөвт орох мөнгө багаслаа. 

Мөн энэ салбарын тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд гаалийн татвар өдөр тутам их хэмжээний мөнгө төсөвт орох нь багасаж байна. Ингээд ирэхээр Монгол Улсын орлого маш багасана. Энэ нь ч мэдрэгдэж, нүүрсний экспорт зогслоо.

Энэ сард 240 тэрбум гаруй төгрөгийн орлогыг уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан бол гүйцэтгэл нь 86-тай байна. Түүнчлэн нэг тонн зэсийн үнийг 5,691 доллараар бодож төсөвт тусгасан байсан ч өнөөдөр 5,600 доллар болжээ. Цаашдаа 5,000 долларт хүрэх хандлага байна.

Нүүрсний экспортын хувьд 42 сая тонныг экспортолно гэж төсөвтөө тооцож суулгасан ч өнөөдөр нүүрсний эрэлт буурчээ.

Уул уурхайн салбараас олж байгаа орлого, импортын гаалийн татварыг орлуулах боломж Монгол Улсад байхгүй. Нэгэнт л орлуулах боломж байхгүй учраас гарч байгаа зардал дээрээ л бодлого явуулах хэрэгтэй” гэж  ХҮН-ын гишүүн хэлэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.