Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" өнгөрсөн онд 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компанийн Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давсан талаар тус компани 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцуулах үеэрээ мэдээллээ. 

Өнгөрсөн онд тус компани 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Нийт 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 564 нь үндэснийх байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний компанид төлсөн байна.

Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146,346 тоннд хүрч, 2019 оны төлөвлөгөөгөө биелүүлсэн бол 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж, давуулан биелүүлсэн талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танилцуулаад гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоосон жил байсан хэмээн 2019 оныг онцлов.

Хамгийн том амжилт нь аюулгүй ажиллагаа байсныг тэрбээр тодотгоод 200,000 хүн цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 байж, Рио Тинто группийн хэмжээнд тэргүүлсэн хэвээр байгаагаа хэллээ. 

Үйлдвэрлэлийн мэдээлэл 

Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11 хувиар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан байна. 

2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж байгаа аж.
 
Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй байгааг дуулгалаа.  

2019 оны гол тоон үзүүлэлтүүд: 

  • Өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125,000 – 155,000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүллээ. 
  • Харин 2019 онд 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180,000 – 220,000 унцыг үйлдвэрлэх төлөвөө давуулан биелүүлсэн. 
  • Өнгөрсөн жил 40,777,225 тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ. 
  • Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюу толгой”-н 13,800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад бүх ажиллах хүчний талаас илүү хувь гар бие оролцож байгаа. 
  • Австралийн Холмесглен сургалтын төвтэй хамтран 348 ажилтнаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, итгэмжлэгдсэн сургалтад хамруулжээ.
  • Өнгөрсөн оны нэгдүгээр сард Оюу толгой – Ханбогд чиглэлийн 35.1 км хатуу хучилттай авто зам барив. 
  • Мандал-Овоо суманд шинэ эмнэлэг нээсэн ба Оюу толгойн хөрөнгө оруулалттай тав дахь цэцэрлэгийг Өмнөговь аймгийн Манлай суманд нээв. 
  • Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой болов.
  • Дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн байна.