Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас хилийн боомтуудад хийх зохицуулалттай холбоотой шийдвэрүүдийг нэгдүгээр сарын 28-нд гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой УОК-оос тогтоолууд гаргаад холбогдох байгууллагууд чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.
Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд байрлаж байгаа аймаг, сумандаа харьяалахгүй. Харин Монгол Хятадын хилийн боомт юм. Тиймээс хилийн Замын-Үүд боомт гэж ярих юм шүү.
Монгол Хятадын хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийсэн болохоос хаагаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Зорчигч тээврийн зарим хөдөлгөөнийг тодруулбал, Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Албан ёсны бичиг баримтаа үзүүлээд хилийн боомт дээр үзүүлээд БНХАУ-руу зорчиж байгаа.
БНХАУ иргэдийнхээ Монгол Улс руу зөрчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Тиймээс гуравдагч улсаас манайд ирж байгаа БНХАУ-ын иргэдийг хүлээн авч байна. Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр нэвтрүүлж байгаа. УОК-ын шийдвэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэдийн хилээр нэвтрүүлж байгаа гэдгийг бас хэлмээр байна.
Өчигдрийн УОК-ын хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Бусад эрдэс баялаг тухайлбал, зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр мөн саадгүй үргэлжилнэ.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр сарын 28-наас хойш 12,151 иргэн Монгол Улсад зорчин ирсний 11,354 Монгол Улсын иргэн. Харин 5,902 иргэн БНХАУ-руу зорчсоны 4,785 нь Монгол Улсын иргэн байгаа.
БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэх ташаа мэдээлэл тарж байна. Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Эдгээр иргэдийн дунд дипломат ажилтнууд, хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэд байгаа" гэдгийг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!