Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар нас барсан анхны гадаадын иргэн АНУ-ынх боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо Баасан гарагт 86-аар нэмэгдсэнийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлжээ.

Үүнээс зөвхөн Хубэй мужид 81 хүн нэмж нас барсан байна.

Шинэ вирусийн халдвараар анхны гадаадын иргэн нас барсан нь өнөөдөр батлагджээ. Ухань хотын эмнэлэгт өнгөрсөн Пүрэв гарагт 60 настай Америк эмэгтэй нас барсныг Хятад дахь АНУ-ын элчин сайдын яам өнөөдөр мэдээлсэн байна.

Нас барсан эмэгтэй суурь өвчтэй байсан тухай Нью Йорк Таймс сонин гэр бүлийн эх сурвалжаас нь олж мэдээлжээ.

Коронавирусийн халдвар авсан нийт 19 гадаадын иргэн Хятадад эмчлүүлж байгаагаас хоёр нь бүрэн эдгэрсэн тухай Хятадын гадаад хэргийн яамнаас Пүрэв гарагт мэдээлж байв.

Үүнээс гадна Ухань хотын эмнэлэгт эмчлүүлж байсан Япон улсын иргэн нас барсан тухай тус улсын гадаад хэргийн яам өнөөдөр мэдээлжээ. Гэхдээ 60 гаруй насны уг өвчтөн нь коронавирусийн халдварын улмаас нас барсныг эцэслэн тогтоогоогүй, шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм байна.

Хэрвээ батлагдвал шинэ коронавирусийн халдвараар Япон улсын иргэн нас барсан анхны тохиолдол болох юм.

Үүнээс гадна Йокохама хотын боомтод саатуулагдаад байгаа “Diamond Princess” аяллын хөлгөөс гурван халдвар тээгч нэмж илрүүлснийг Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Ингэснээр тус хөлгөөс илэрсэн халдвартай хүний нийт тоо 64 болж, Япон улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 89 болж нэмэгдэж байна.

Сүүлд халдвар илэрсэн гурван өвчтөн болох 70 гаруй насны Америк эрэгтэй, 60 гаруй насны Америк эмэгтэй, 30-аад насны Хятад эмэгтэйг “Diamond Princess” хөлгөөс буулган Канагава мужийн эмнэлэгт хүргэжээ.

Тэдний нэгийнх нь биеийн байдал муу байгаа гэнэ. 3,700 хүнтэй хөлөг дээр ихэвчлэн ахмад настай хүмүүс зорчиж байгаа тул халдвар авсан хүний тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: AFP

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.