Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцохыг төрийн гурван өндөрлөгөөс шаардлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагад БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн үндэсний нам, Уухай хөдөлгөөн, Бид уучлахгүй ТББ, Машинтай жагсаал ТББ-ынхан нэгдэж байгаа аж. 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг "ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр 2019 оны аравдугаар сарын 31-нд "Корейн Эйр" компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн, архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авирласан гэдэг асуудалд холбогдсон. Түүний гаргасан энэхүү ёс зүйгүй үйлдэлд бид дургүйцлээ илэрхийлж, тайван жагсаал зохион байгуулж, түүнийг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцроод зогсохгүй гишүүнээс чөлөөлөгдөх ёстой гэж шаардаж байсан. Мөн нийт Монгол иргэдээс уучлал гуйхыг шаардсан.

 

Гэвч ажлаасаа чөлөөлөгдөх нь бүү хэл уучлал гуйгаагүй. Тиймээс Д.Одбаяр өөрөө цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй бол түүнийг томилсон албан тушаалтан хариуцлага тооцож өгөөч гэдэг хүсэлт тавьж байна" гэлээ. 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" ТББ цаашид БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажиллах бөгөөд Монгол Улсын иргэн Д.Одбаярт ямар үндэслэлээр торгууль ногдуулсныг тодруулахын зэрэгцээ өөрийг нь гүтгэсэн гэх түүний яриа үнэн эсэхийг олж тодруулна гэдгээ мэдэгдлээ.