Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зарагдаагүй барааг хаях, устгахыг хориглосон шинэ хуулийг Франц улсын парламент баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Франц улсын парламент өчигдөр хог хаягдалтай тэмцэх шинэ хуулийг баталжээ.

Дэлхийд анхны гэгдэж байгаа энэ хуулийн дагуу компаниуд зарагдаагүй болон буцаагдсан бараа бүтээгдэхүүнээ хаялгүйгээр заавал дахин боловсруулах, дахин ашиглах үүрэгтэй болж байна.

Үүнд бэлэн хувцас, цахилгаан хэрэгсэл, косметик, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд багтжээ. Мөн хуулийн дагуу нэг удаа хэрэглэгддэг хуванцар сав боодол, цаасан дээр хэвлэсэн баримтыг хориглосон байна.

Франц улс өмнө нь зарагдаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хаяхыг хориглож, оронд нь буяны үйлсэд хандивлахыг дэмждэг хуультай болсон юм. Энэ хуулийн дагуу хуучирсан, хугацаа дуусах дөхсөн хоол хүнсээ буяны үйлсэд хандивлахаас татгалзсан байгууллагууд 10,000 еврогийн торгууль төлдөг.

Тус улс 2025 онд бүх хуванцарыг дахин боловсруулагддаг болгох, ирэх арван жилийн хугацаанд нэг удаа хэрэглэгддэг хуванцар лонхны хэрэглээг 50 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Хуулийн дагуу түргэн хоолны ресторанууд, хоол хүргэлтийн газрууд 2023 онд хуванцар сав суулга хэрэглэхээ бүрэн зогсоох юм.

Франц улсад жил бүр 650 сая еврогийн үнэ бүхий шинэ бараа бүтээгдэхүүн хаягдаж, устгагддаг гэсэн тоог тус улсын засгийн газар мэдээлж байв.

 

Эх сурвалж: The Guardian