Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн гамшгийн улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ ДЭМБ өнөөдөр шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Коронавирусийн гамшгийн улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ ДЭМБ өнөөдөр шийднэ
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай хороо өнөөдөр дахин хуралдаж Хятадад гараад байгаа шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус хороо хуралдахдаа коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол батлагдаагүй тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж үзсэн юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд Хятадад биеэр зорчоогүй зургаан хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.

Өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо Хятадын эх газарт 7,771 хүрч, нас барсан хүний тоо 170 болж нэмэгдсэн байна.

Хамгийн сүүлд Хятадаас өөр улсад хүнээс хүнд халдсан тохиолдол Германд бүртгэгджээ. 33 настай Германы иргэн эрэгтэй Хятадаас ирсэн найзтайгаа уулзсаны дараа халдвар авсан байна. Түүнтэй уулзсан хятад хүний биеийн байдал Германд байхдаа сайн байсан ч Хятад руу буцахын өмнөхөн муудаж, халдварын шинж тэмдэг илэрсэн гэнэ.

ДЭМБ шийдвэрээ өнөөдөр орой Швейцарийн Женев хотод хуралдсаны дараа зарлана. Одоогоор тус байгууллага коронавирусийн халдварын хүндэрсэн тохиолдлын хэмжээг 20 хувь гэж үнэлж байна. Нас баралтын хэмжээ 2 гаруй хувьтай байгаа нь SARS, MERS зэрэг бусад вирусийн халдваруудтай харьцуулахад нэлээд бага байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.