Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шариатын хуулийг дагадаг Индонезийн цорын ганц мужид эмэгтэй ташуурчдын салаа байгуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн олон хүн амтай муслим улс гэгддэг Индонезийн Ачех муж ганцаараа Исламын шашны Шариатын хуулийг дагадаг.

Олон арван жилийн турш салан тусгаарлахаар тэмцэж байсан тус муж төв засгийн газартайгаа 2005 онд байгуулсан гэрээний дагуу Шариатын хууль хэрэгжүүлэх автономит эрхтэй болсон юм.

Исламын хатуу ёс жаягийн дагуу мөрийтэй тоглосон, завхайрсан, согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлтэй болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орсон, ижил хүйстэнтэйгээ явалдсан хүмүүсийг олны нүдэн дээр ташуурдаж гэсгээдэг байна.

Гэхдээ ташуурдах шийтгэлийг зөвхөн эрэгтэйчүүд гүйцэтгэдэг байжээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд Ачех мужийн эмэгтэйчүүд дотор гэр бүлтэй болохоосоо өмнө бусадтай бэлгийн харьцаанд орох явдал эрс нэмэгдэж, ташуурдах шийтгэлтэй бүсгүйчүүдийн тоо олширсон байна.

Исламын шашны номлолд зааснаар ийм нүгэлтэй эмэгтэйчүүдийг эрэгтэй хүн ташуурдаж шийтгэх зохимжгүй гэнэ. Тиймээс мужийн захиргаа ёс зүйгүй үйлдэл гаргасан бүсгүйчүүдийг ташуурдаж шийтгэх үүрэгтэй анхны эмэгтэй салааг байгуулжээ.

Гэвч эмэгтэй хүмүүсийг ийм ажил хийлгэхээр ятгахад хэцүү байснаас хэдэн жил хөөцөлдсөний эцэст анхны найман хүнтэй салаа Шариатын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй мужийн засаг захиргааны дэргэд байгуулагдсан байна.

Тэдэнд хэрхэн хүнийг гэмтээлгүйгээр ташуурдах арга техник зааж, бэлдсэний эцэст үүрэгт ажилдаа оржээ. Залхаан цээрлүүлэгч эмэгтэйчүүдийн нэр, царайг нууцалж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахыг нь хориглосон байна.

Тэд зөвхөн нүдээ гаргасан битүү өмсгөлтэйгээр үүргээ гүйцэтгэх ажээ.

Одоо 5 сая хүн амтай Ачех мужийн нийслэл Банда Ачех хотод шариатын цагдаа нар гурван ээлжээр өдөр шөнөгүй эргүүл хийдэг.

Тэд олон нийтийн газарт тэврэлдсэн болон зочид буудлаас гарч явсан гэрлээгүй хосуудыг баривчилдаг байна.

Нэг үе энэ мужид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүний толгойг цавчих хууль хэрэгжүүлэхээр бэлдэж байсныг Индонезийн төв засгийн газраас хориглож байжээ.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Ачех мужийн эрх баригчдын бодлогыг хүнлэг бус, зэрлэг балмад хэмээн шүүмжилдэг. Харин Ачехын засаг захиргаа өөрсдийн бодлогыг Саудын Араб зэрэг хэт хуучинсаг улсуудынхаас “хамаагүй зөөлөн” гэж тайлбарладаг байна.

 

Эх сурвалж: AFP