Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэжигтэй 14 тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр үгүйсгэсэн, 18 сорьцод шинжилгээ хийж байна" /2020.01.29/

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN

Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндйн яам, ХӨСҮТ-ийн албаныхан мэдээлэл өгч байна. /2020.01.29/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1147978852199759/

"Коронавирусийн халдварын дэгдэлт 2003 онд гарсан SARS-н дэгдэлтээс харьцангүй бага"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн.

Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан.

БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг илтгэж байна. Халдвар авсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бол нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна.

Коронавирусийн халдварын дэгдэлт 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага.

Халдвар авсан нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна" гэв.

Мөн тэрбээр "АНУ-д бүртгэгдсэн 5 тохиолдол нь өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаж эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тиймээс Хятадад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд зорчсон, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.

Халдварт өвчний дэгдэлтийн үед буруу ташаа мэдээлэл их явагдаж, олон нийтийн санаа зовнисон байдал үүсдэг учраас албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг хүсье.

Австрали улсын олон улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага нь өчигдөр Монгол Улсын иргэн халдвар авсан гэх мэдээллийг Монгол Улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага ХӨСҮТ-д дамжуулсан. Үүнээс 3 цагийн дараа халдвар аваагүй, хавьтал гэдгийг дахин илэрхийлсэн" хэмээн нэмж хэлэв.

"Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлаад байгаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр "БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр тухайн улсад коронавирусээр өвчилсөн тохиолдол 5,974, нас барсан хүний 132, сэжигтэй тохиолдол 9,239 байна.

Мөн бидэнд ирсэн мэдээллээр дэлхий дахин 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүргэгдсэн байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.

Тандалтын 4 дүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатарт амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна.

БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна.

Өчигдөр улсын хилээр нийт 1,966 Монгол Улсын иргэн нэвтэрсэнд холбогдох журмын дагуу тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.

"Хэнтий аймагт нас барсан охин А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтий аймагт 14 настай охин нэгдүгээр сарын 24-нөөс эхэлж халуурч, 27-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан тохиолдол бий.

Үүний шинжилгээний хариу өчигдөр гарсан.

Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан бөгөөд хариугаар А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан нь тогтоогдсон" гэв

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.