Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хонг Конгоос халуунтай ирсэн хоёр зорчигчийг онгоцон дахь 140 хүнээс тусгаарлаж авчирсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар коронавирусийн сэжигтэй тохиолдлыг хил дээр хэрхэн илрүүлж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр "Нөхцөл байдал хүндрээд, өвчлөл нас баралт хөрш оронд их байгаа учраас өндөржүүлсэн байдалд шилжсэн. Хил дээр 450 байцаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь эрүүл ахуйч байцаагч байна. Өнгөрсөн хугацаанд 13 сэжигтэй тохиолдол гарсны долоог манай хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага ДЭМБ-ын зөвлөмж болон олон улсын дүрмийг баримтлан ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа.

Хил дээр иргэдийн халууныг үзэж, 14 асуулттай асуумж авч, 2-оос дээш шинж тэмдэг илэрвэл түр тусгаарлаад шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж байна.

Бидний зүгээс зорчигчдод голомттой бүс нутаг руу зорчихгүй байх гол зөвлөмжийг өгч байгаа.

Өчигдөр Хонг Конгоос ирсэн халуунтай зорчигчдыг онгоцонд явсан бусад 140 хүнээс тусгаарлаж арын суудалд амны хаалттай суулгаад ирсэн. ДЭМБ-ын хавьтлын тодорхойлолтоор бусад зорчигчдыг эрсдэлгүй гэж үзсэн бөгөөд урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн асуумж, бусад холбогдох мэдээллийг авсан байгаа" гэлээ.

Сэжигтэй тохиолдол, хавьтал гэж юуг хэлэх вэ?

Сэжигтэй тохиолдол гэдэг бол халдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ.

Хавьтал гэдэг нь хамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.