Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн.

Харин БНХАУ-ын Засгийн газар Ухань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн байна.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ.

Мөн оюутнуудыг нутагтаа ирсэн даруйд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: ГХЯ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.