Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл үйл ажиллагааг нь зогсоож буй байгууллагууд

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоож байна. Үүнд:

  • Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно. Хичээл, сургалтын явц түр завсаргах энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохируулан цахим болон теле хичээлийг бэлтгэн хүргэнэ;
     
  • Бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг мөн зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргав;
     
  • Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хичээлээ түр зогсоно. Үүнд жолооны курс, хэлний сургалтын төвүүд хамаарна;
     
  • Урлаг, соёл, спорт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглоно. Тухайлбал, цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй;
     
  • РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй;
     
  • Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй юм.

Мөн хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох эсэхийг Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан энэ сарын 30-ны дотор шийднэ. Гэхдээ хилийн хязгаар тогтоох эсэхэд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамаарахгүй.



Мөн иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд бага насны хүүхэдтэйгээ хамт олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар угааж ариутгах, халдвар гарсан улс оронд зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.