Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Зах, худалдааны төвүүдийг хаах эсэхийг шаардлагатай тохиолдолд онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэнэ"

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар өнөөдөр хуралдан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцэж, тогтоол гаргасан. Тус хуралдаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оролцлоо. 

Тэрбээр, Засгийн газрын хуралдааны дараагаар нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэг бүхий Тусгай ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн удирдлагаас салбарын яам, мэргэжлийн байгууллагын үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан эдгээрт хяналт тавина.

Өмнөх удаад нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахад гаднын хөрөнгө оруулалттай зарим сургууль хичээллэж байсныг цаг тухайд нь таслан зогсоосон. Энэ удаад тийм явдал гарах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж буй бол хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг бүх иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. Тиймээс хичээл, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд ямар нэг сургууль, цэцэрлэг хичээллэхгүй" гэлээ.

Харин зах, худалдааны төвийг хаах эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэж шийдвэрлэнэ" гэлээ. 

Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрээр орж, гарах хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.