ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлэл өгч байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.01.24. 10:56 цаг/
"Нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд байрлуулаад байна.
Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа".
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хөнгөн хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна" гэв.
Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд 17 нь тус хотод байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "Дэлхий нийтээр шинэ төрлийн вирусийн талаар анхааран сонсож буй энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн албан ёсны, баталгаатай мэдээллийг түгээхийг хүсэж байна. Бид мэдээллийг нуугаагүй бөгөөд цаг тухай бүрт шаардлагатай мэдээллийг хүргэж байгаа. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зөвлөлөөс шинэ төрлийн вирус нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулахгүй гэж үзсэн. Гэвч онцгой анхаарал татсан асуудал учир анхааралтай ажиллаж байна. Түүнчлэн 10 хоногийн дараагаар дахин хуралдана".
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!