Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Кобаяаши Хироюки: Монгол, Японы харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллана

ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөр болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсантай холбоотой хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр /2020.01.21/ боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын үе үеийн гишүүдээс гадна төр нийгмийн зүтгэлтнүүд, хүндэт зочид хүрэлцэн ирсэн бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож, үг хэлэв.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын төр засаг талархаж байдгийг онцлоод УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчлал хийх явцдаа Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхээр тохирилцон ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 9 жилийн дараа Монголд айлчилж, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ.

Үүнээс гадна хоёр улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын төслийн менежментийн концессын гэрээ хүчин төгөлдөр болж, Монгол, Японы сургалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг тодотгосон юм.

 

Элчин сайд Кобаяаши Хироюки Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил ажиллахдаа хоёр орны харилцааг бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн туршлагатай хүн юм. Японы Үндэсний Их баяр болох Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол, Японы харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа дурдлаа.

Мөн 2020 оны Токиогийн олимп, Паралимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээлээ. 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс