Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тамүра Эрико: Монгол, Япон хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарна

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2020 оны 1 сарын 21
Өдрийн сонин
Зураг зураг

ЖАЙКА-гийн  Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрикотой ярилцлаа.

-Та Монголд ирээд хагас жил болжээ, монголчуудын онцгой сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Япон хэл төгс эзэмшсэн, манай улсад элэгтэй хүн олон байгаад гайхсан шүү. Японд монголчуудын талаар төдийлэн сайн мэддэггүй, би ч ялгаагүй ирэх хүртлээ мэддэггүй байлаа. Манай улсад Монголыг сүмо бөх, өргөн уудам тал нутгаар л төсөөлдөг хүн олон. Монголчууд найрсаг, санаа бодлоо шууд илэрхийлдэг, ойлгомжтой харьцдаг улс шиг санагдсан. Япончуудаас ялгарах өөр нэг тал нь уян хатан байдал. Япон хүн ямар нэг юм төлөвлөсөн бол өөрчлөх боломжгүй гэсэн хандлагатай бол монголчууд төлөвлөгөөний өөрчлөлтийг уян хатан хүлээн авч, нөхцөл байдалдаа тааруулан шийдвэр гаргах чадвар өндөртэй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ хүндрэлтэй санагдах тохиолдол ч гардаг л даа. Жишээ нь, япон хүн ямар нэг ажлыг эртнээс төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг бол монгол хүн ихэвчлэн цагийг нь тулгаж байгаад богино хугацаанд гүйцэтгэдэг. Төсөл хэрэгжүүлэх явцад бидний нэвтрүүлсэн арга технологи, ноу хауг нэг нэгэндээ дамжуулах, өөрөөр хэлбэл ажлын уялдаа холбоо талдаа учир дутагдалтай санагдсан. 

-Та Монголд ирээд хэр аялав?

-Амралтын өдрүүдээ Улаанбаатарт ойрхон салхинд гарах, Тэрэлжид очиж морь унах зэргээр өнгөрөөдөг. ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслүүдийн дийлэнхи нь Улаанбаатар төвлөрдөг учир хөдөө орон нутаг руу зөвхөн аялахаар л явж байсан. Сайншанд, Өмнөговь, Хөвсгөл нуур, Сэлэнгэ, Хархорин, Цэнхэрийн рашаан, Увс аймгуудад очиж үзсэн. Хөвсгөл нуурын мөсний баяр өвөрмөц, сонирхолтой санагдсан. Японд үүнтэй төстэй баярууд болдог л доо. Гэхдээ  Хөвсгөлийн мөсний баяр маш өргөн хүрээтэй, байгалийн сайхныг бишрүүлсэн баяр юм билээ. Иймэрхүү эвентийг гадаадад сайн сурталчилвал жуулчдын тоо нэмэгдэх байх шүү. Монголд гайхалтай сайхан газар олон ч харамсалтай нь Японы аяллын хөтөч номнуудад хангалттай мэдээлэл байдаггүй. 

-Үзэсгэлэнтэй, гайхалтай газар олон ч гадныханд мэдээллээ хүргэж чаддаггүй учраас жуулчид ирэхгүй байна гэж та сая хэллээ. Жуулчдыг татахын тулд бид мэдээлэл хүргэхээс гадна өөр юу хийх ёстой бол?

-Ийм сайхан байгаль, өвөрмөц газруудтай мөртлөө илүү олон жуулчинг яагаад татаж чадахгүй байна вэ гэсэн асуултад олон шалтгаан бий байх. Бусад оронтой харьцуулахад аялал жуулчлалын зөөлөн дэд бүтэц хараахан сайн хөгжөөгүй санагдсан. Жишээ нь, одоогийн нисэх буудал дээр  гэхэд гаднаас ирсэн хүмүүс онгоцноос буумагцаа зочид буудал, хотын төв рүү явах таксины талаар англи хэл дээр мэдээлэл авах боломж маш бага  юм билээ. Аялал жуулчлалын тур компаниудаар дамжуулаад өндөр үнэ төлөөд ирэх тохиолдолд сайхан аялж болох ч жирийн оюутан юм уу, залуус Монголыг сонирхоод хөнгөхөн аялъя  гэхэд мэдээлэл хангалттай байдаггүй. Үүнээс гадна итгэлтэй жолооч, хөтөч олоход хэцүү санагдсан. 

-Шинэ нисэх онгоцны буудал  15 жилийн хугацаанд Японы менежментийн гэрээтэй ажиллана.Энэ төсөл дээр ажиллаж байгаа япон хүний хувьд асуух нэг зүйл байна, япон маягийн менежмэнтийн онцлог нь юу бол?

-Япон маягийн менежментийн хувьд нэлээд хэдэн онцлогтой. Хамгийн гол нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг чухалчилдаг.  Нисэх буудал бол зөвхөн онгоцонд суух газар гэж хардаггүй.  Ресторан, дэлгүүр олонтой, жуулчдын сонирхлыг татах үйлчилгээтэй байхад анхаардаг. Японд жишээ нь, дотроо массажны газартай буудал их байдаг, онсэн гэж нэрлэдэг япон маягийн халуун усны газартай  буудлууд ч бий. Зарим нисэх буудлуудын тухайд  зөвхөн жуулчдаас гадна орон нутгийн иргэд нь амралтын өдрүүдэд очиж онгоц хөөрөх буух агшинг харангаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг. Миний төрсөн нутаг Японы хөдөөний нэг жижиг хот л доо. Манай хот жижиг нисэх буудалтай. Тэндээ орон нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг худалддаг юм.

Мөн манай нутгаас Японы үлгэр домгийн сүнслэг амьтдын тухай бичдэг алдартай манга /зурагт ном/ зохиолч төрсөн. Нисэх буудлынхаа дотоод заслыг түүний  зохиолоос сэдэвлэсэн байх жишээтэй. Жижиг буудал ч гэсэн өөрийн онцлогоор зорчигчдыг, жуулчдыг татна гэдэг энэ л дээ.  Ер нь шинэ нисэх буудалд япон маягийн менежмэнт нэвтрүүлснээр жуулчдын сонирхлыг татаж чадахуйц газар болно. Үйлчилгээний түвшин дээшилснээр Улаанбаатарын нисэх буудлыг сонирхох агаарын тээврийн, аялал жуулчлалын компаниудын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Одоогийн Чингис хаан нисэх буудал жилд нэг сая 400 мянга орчим зорчигч үйлчлүүлэгчийг хүлээн авах хүчин чадалтай бол шинэ нисэх буудал хоёр сая орчим зорчигч үйлчлүүлэгчийг хүлээж авна. Одоогийн нисэх буудал нисэх онгоц зөвхөн нэг талаасаа хөөрч буух боломжтой учраас цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг цуцлагдах магадлал харьцангуй өндөр, нисэх буудлын ашиглалт 70 орчим хувьтай байгаа бол шинэ буудал хоёр талаасаа  хөөрч буух боломжтой. Өөрөөр хэлбэл нисэх буудлын ашиглалт 100 хувьд ойртоно гэсэн үг. Нислэг цуцлагдах буюу хойшлох магадлал багассанаар зорчигч, жуулчдын тоо ч нэмэгдэнэ гэж үзэж байна. 

-Шинэ нисэх буудалд ажиллах хүмүүсийг сургахад бас дэмжлэг үзүүлж байгаа гэж сонссон...?

-Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа энэ жилийн зунаас албан ёсоор эхлэнэ. Өнөөг хүртэл байгууллагын төлөвлөгөө, нисэх буудлын менежмент, засвар арчлалт, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг олон чиглэлээр хүний нөөцийг бэлтгэж ирсэн. Яг одоо бол аюулгүй ажиллагаа чухал учраас агаарын навигацийн чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж байна. Үүнээс гадна одоогийн нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахад Японы туршлагыг нэвтрүүлэхээр монголчуудтай хамтран ажиллаж байгаа. 

-Нисэх буудлыг тойрсон орчны тохижилт дээр  ямар төлөвлөлттэй ажиллаж байгаа бол?

-Та шинэ нисэх буудал дээр очиж үзсэн байж магадгүй. Юу ч байхгүй тал газар цоо шинэ бүтээн байгуулалт хийсэн.  Монгол улс далайд гарцгүй учраас өмнөд, хойд хоёр хөрштэйгээ газраар буюу төмөр зам, авто замаар ачаа тээвэрлэдэг. Шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор зөвхөн зорчигч тээврээр зогсохгүй бараа тээврийг ч агаараар хийх боломжууд нэмэгдэнэ. Одоогоор нисэх буудлын ойр орчимд бүтээн байгуулалт хийгдээгүй  ч ирээдүйд ложистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах зэргээр эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр  оруулна гэж бодож байна. 

-Япон Монголын сургалтын эмнэлэгт иргэд ам сайтай байгаа. Энэ эмнэлэгт таны сая ярьсан япон маягийн менежмент  тусгалаа олсон болов уу?

-Япон маягийн менежмэнт тусгалаа олсон. Таны асуусан эмнэлгийн хувьд Монголд анх удаа эмнэлгийн мэргэжилтний боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэхэд анхаарах их сургуулийн эмнэлэг болох юм. Японд их сургуулийн харъяа эмнэлэг олон бий. Зөвхөн улсынх л гэхэд  40 гаруй, хувийнх нь  түүнээс ч олон.  Өвчтнийг эмчлэхэд анхаарахаас гадна гэр бүлийнхэнд нь анхаарч байна. Жишээ нь өвчтний гэр бүлийнхэнд зөвлөгөө өгөх хэсгийг тусгайлан гаргасан. Өөрөөр хэлбэл  эмч сувилагч, нийгмийн ажилтан хамтран ажиллаж байгаа. Бага насны хүүхдүүдийн эмчлүүлэх өрөөнд ном дэвтэр, тоглоом байрлуулах зэргээр хүүхэд тайван байх орчныг бүрдүүлж өгөхөд анхаарсан. 

-Монгол Японы төвийг монголчууд хоёр орны иргэдийн харилцааны, оюутан залуусын мэдээллийн төв гэж ойлгодог. Монголчуудад Японы зах зээлд гарах, бизнес хий боломж олгох тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Монгол, Японы төв япон хэл, соёлоос гадна бизнесийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулсан 30 орчим төрлийн бизнес сургалтуудыг зохион байгуулж байна. Бизнесийн үндсэн сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдөөс шалгаруулж Япон улсад дадлага сургалтанд явуулж байна. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний Азийн хамгийн том экспо болох “FOODEX”-д Монголоос төлөөлөгчид оролцоход нь дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр сургалтаас гадна Япон компаниудтай бизнесийн уулзалт хийх боломжийг олгож байна. Японд бизнесээ дэлгэрүүлэх боломж монголчуудад нээгдсэн гэсэн үг. Монголд бизнес хийх сонирхолтой япон компаниуд ч нэмэгдэж байгаа. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, байгаль орчны чиглэлээр. Япон улс Монголоос ур чадвартай ажиллах хүчнээс гадна тусгай ур чадвартай ажиллах хүч авах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Ялангуяа халамжийн салбар, барилгын салбарт Монголоос ажиллах хүчин авах сонирхолтой компани олон байна.   

-Японд гэрээгээр очиж ажилладаг, япон хүнтэй гэр бүл болсон олон монгол бий. Албан ёсоор гэрээгээр  ажиллах хүч зуучлах ажил хэр явагдаж байгаа бол?

-Япон улс гадаадын улс орнуудаас Тусгай чадвартай ажилтан авах гэрээг есөн оронтой байгуулсны нэг нь Монгол. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед Японд сурах, япон хэл үзэх  сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байж  магадгүй. Мөн Япон дахь ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн байдлаас шалтгаалж Монголоос ажиллах хүч авах сонирхолтой компани нэмэгдэж байгаа. Токио хотоос гадна Кумамото муж, Хоккайдо муж зэрэг орон нутгаас Монголын ажиллах хүчийг сонирхсон хүмүүс нэлээд ирж байгаа гэж сонссон. Тэр дундаа халамжийн болон барилгын салбарт ажилтан авах сонирхол нэлээд байна. Зүгээр нэг ажиллах хүч болж ажиллах гэдгээс илүүтэйгээр Японд ажиллаж, сурч ирээд тэр туршлагаа ажил хэрэг болгоно гэвэл бид ч Монгол Япон төвийн үйл ажиллагаагаар дамжуулан дэмжиж ажиллах хүсэлтэй. 

-ЖАЙКА бол Японы засгийн газрын олон улсын байгууллага. Японд удирдах түвшинд эмэгтэйчүүд цөөн гэсэн төсөөлөл нийтлэг. Тантай уулзахаас өмнө эмэгтэй дарга гэхээр надад их соирхолтой санагдаж байлаа.

- Японд байгууллага удирдах түвшинд ажилладаг эмэгтэй маш цөөхөн. Эсрэгээрээ Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажилладаг, эмэгтэй удирдагч ч олон юм болов уу гэж санагдсан. Уг нь эмэгтэй хүн илүү нарийн мэдрэмжтэй, илүү санаа тавьдаг байх ёстой ч миний хувьд тэр тал дээр дулимаг. Бичиг цаасны тал дээр харин их няхуур ханддаг. Ямар ч бичиг баримтыг нэг бүрчлэн хянадаг болохоор ажилтнуудад маань хэцүү санагддаг байж магадгүй. 

-Танай байгууллагад ажилладаг монгол эмэгтэйн голлох оролцоотой хэрэгжсэн хүний нөөцийг хөгжүүлэх ажил ЖАЙКА даяар үлгэр жишээ авахуйц ажил болсон гэж үнэлэгдсэн гэв үү?

- Манай төлөөлөгчийн газарт 12 япон ажилтан, 20 монгол ажилтан ажилладаг. Ихэнхи нь эмэгтэйчүүд. Манайхан бүгдээрээ ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авах, ар гэрийн ажлаа зохицуулахаас гадна ажлын цагтаа аль болох их ажил амжуулж, богино хугацаанд үр дүнтэй ажиллах шаардлагатай нүүр тулдаг. Би энэ ажлаа авсны дараа монгол ажилтнуудтайгаа ярьж зөвлөөд, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөрийг сайжруулахад анхаарсан юм. Наад захын жишээ гэхэд л төслийн менежмент, харилцах ур чадвар, илтгэх чадвар зэрэг олон сэдвээр ажилтнуудаа сургалтанд хамруулсан.

Үр дүнд нь  ажилтнуудын маань ур чадвар  дээшилж,  чанартай, бүтээмжтэй ажиллаж эхэлсэн. Энэ сургалтын хөтөлбөрийг боловсруулахад манай нэг монгол ажилтан голлох үүрэг гүйцэтгэсэн л дээ. Голлох үүрэгтэй ажилласан ажилтан маань 96 гадаад орнууд дахь Төлөөлөгчийн газраас сонгогдон ЖАЙКА-ийн Ерөнхийлөгчийн шагналаар шагнуулан сая 12 сард шагналаа гардан авлаа. Энэ нь ЖАЙКА-ийн хэмжээнд хүний нөөцийг хөгжүүлэхэд үлгэр жишээ болохуйц ажил гэж  үнэлэгдсэн гэсэн үг юм.

-Япон, Монгол улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад бараг дөрвөн жил болчихлоо. Монгол компаниудад Японы зах зээлд гарах ямар боломж байна вэ, энэ тал дээр дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдсон хөнгөлөлттэй нөхцлүүдийг ашиглаж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага бий. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт давуу талаа ашиглах хэрэгтэй. Мал аж ахуйн бүтээгдэхүүн дээр ярихад л  одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд боловсруулж байгаа ч  чанар, найдвартай байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий. Энэ тал дээр анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл импортыг орлох, цаашлаад экспортод гаргах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.  Бүр цаашлуулж яривал шинэ нисэх буудал орчимд боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх юмсан гэж боддог. 

 

Зураг