Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Санжаабадам: Хот, хөдөөгийн хүүхдүүдийн суурь чадвар ойролцоо хэр нь сургалтын чанар ялгаатай байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол судлалын чиглэлээр хийгдэж байгаа судалгаанууд практик дээр гарч ирж байгаа асуудал, түүний учир шалтгааныг тогтооход ямар хувь нэмэр оруулж байгааг танилцуулах зорилгоор Боловсролын хүрээлэнгээс нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Судалгаа, сургалт сурталчилгаа, арга зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус хүрээлэн 2019 онд хийсэн судалгаанууд, тэдгээрийн үр дүнгээ танилцуулж байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр онцлох судалгаанууд тэдгээрийн үр дүнгийн талаар Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Санжаабадамаас тодрууллаа.

-2019 онд хийгдсэн судалгаануудаа танилцуулж байна. Голлох судалгаанууд нь юу байв?

- Манай хүрээлэн дээр 2019 онд үндэсний хэмжээний 15 судалгааг хийлээ. Тэдгээрээс хэрэглэгчдэд нэлээд сонирхолтой, шууд үр дүн нь хамаарч болохоор 7, 8 судалгааныхаа үр дүнг өнөөдөр танилцуулж байна.

Эрдэм шинжилгээний байгууллагуудыг хийсэн судалгааныхаа үр дүнг тайлан болгоод хадгалаад байдаг гэх шүүмжлэл нийгмийн болон бодлого боловсруулагчдын зүгээс гаргах болсон. Тиймээс судалгааны үр дүнгээ хэрэглэгчид буюу салбарын боловсон хүчин бодлого боловсруулагчдад хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь өнөөдрийн арга хэмжээ юм.

Голлох судалгаануудаа танилцуулбал, бид монгол хүүхдийн хөгжлийн онцлог, монгол суралцагчийн цогц чадамжийн судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр зохих хэмжээний судалгаанууд, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэсэн.

2020 онд хийх хамгийн анхаарал татсан судалгаа бол 2013 онд эхэлсэн монгол хүүхдийн хөгжлийн онцлог танин мэдэхүй, бие бялдар, хөгжлийн онцлогоор нь тогтоох судлагаа юм. Уг судалгааны хоёр дахь шат 2020 онд эцэслэгдэж гарна.

2013 онд 14 настай байсан Санжаабадамын танин мэдэхүй, бие бялдар, хөгжлийн онцлог нь ямар байсан, дөрвөн жилийн дараа 17 настай болох үед ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан, түүнтэй чацуу Дорж 17 насандаа ямар байгаа вэ гээд гурван түвшний харьцуулалтууд хийгээд үр дүнгээ гаргана.

Монгол хүүхдийн хөгжлийн онцлог ямар байна, түүнтэй нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг хэр уялдаж байгаа юм бэ гэдэг үр дүнг долоон жилийн судалгааны үр дүнд гаргах гэж байна.

- Сургалтын чанарын асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Хувийн сургууль, хотын төвийн болон захын, орон нутгийн гээд сургуулиудын сургалтын чанар ялгаатай байгаагаас тэгш боловсрол авах боломжгүй болж байгааг шүүмжлэх болсон. Энэ чиглэлд танайхаас судалгаанууд хийж байгаа юу?

- Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж байгаа маш том асуудал бол хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа. Боловсролын үнэлгээний төвөөс долоо дахь жилдээ хийж байгаа "Боловсролын чанарын судалгаа"-ны үр дүн алслагдсан бүс, төв суурин газарт боловсролын чанар ялгаатай байгааг харуулж байгаа. Гэтэл манай хүрээлэн дээр хийж байгаа хүүхдийн хөгжлийн суурь чадварын судалгаанаас харвал хот, хөдөө дээр бараг ялгаа байхгүй. Тухайлбал, бие бялдар, сэтгэхүйн хурд, ой тогтоолт, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, бусадтай ээнэгшин дасах байдал нь ялгаагүй.

Орон нутагт байгаа хүүхдүүдийн тухайн судлагдахуунаар эзэмшсэн мэдлэг чадвар, хандлага хот суурин газарт суралцаж байгаа хүүхдүүдээс ялгаатай байгаагийн шалтгааныг тогтоох шаардлага гарцаагүй байгаад байна. Хүүхдүүдийн суурь чадвар ойролцоо байгаа энэ тохиолдолд сургалтын орчин, багш нарын чадвар, хүүхдүүд сургалтын хөтөлбөрөөс гадна өөр сувгуудаар мэдээлэл олж авах боломж ямар байна вэ гэдгийг харах хэрэгтэй.

Орон нутагт сургалтын чанар муу байна гээд багш нарыг буруутгахыг бид нар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр багш нарыг дэмжиж байгаа үйл ажиллагааг хуваарьт сургалт төдийхнөөр ойлгож байгаа нь учир дутагдалтай. Өдөр тутам сургалтын анги танхимд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэр бодитой тогтоож чадаж байгаа вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ. Манай хүрээлэнгийн зүгээс боловсролын үндэсний хэмжээний байгууллагууд сургалтын нэгж бүр дээр дэмжлэг хэрэгтэйг судалгааны үр дүнд үндэслэн танилцуулсаар байгаа.

- Боловсролын хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтнууд 2019 онд 70 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл танилцуулсан байна. Аль чиглэлийн судалгаа зонхилж байна вэ?

- Хөтөлбөр судлал, боловсролын түүх, философи, боловсролын үнэлгээний чиглэлээр эрдэмтэд нэлээд бүтээлүүд гаргаж байна. Гэтэл харьцуулсан боловсрол, насан туршийн боловсрол, боловсролын маркетингийн чиглэлийн судалгаанууд орхигдоод байгаа. Тиймээс эдгээр сэдвүүд рүү эрдэмтдээ яаж татан оруулах вэ гэдэг дээр дүгнэлт хийх ёстой.

50 орчим эрдэм шинжилгээний ажилтантай, арга зүйн хувьд маш их ачаалалтай байдаг манай хүрээлэнгийн хувьд жилд 70 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл гаргасныг хараад нэлээд ачаалалтай жил өнгөрсөн хэмээн дүгнэж байна.

Боловсрол судлалын чиглэлээр хийгдэж байгаа судалгаануудыг танилцуулах арга хэмжээ эхлээд цаг гаруйхан хугацаа өнгөрч байхад 200 орчим хүн хэдийн ирж танилцсан байлаа.

Өдөрлөг салбарын боловсон хүчнүүд болон боловсрол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд, эцэг эхчүүдэд нээлттэй юм байна.